Нутгийн ах Н.Алтанхуягийг дагаж, их улс төрд хөл тавьж байсныг бодоход чамгүй өндөр авсан хүн Одонгийн Цогтгэрэл. 2012-2015 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөх нэрээр улс төрд орж ирснээр өнөөдөр УИХ-ын гишүүн, тамгагүй ч гэсэн АН-ын дарга нэрээр нэг хэсэг үймүүлэв. Одоо түүнийг АН дотор төдийгүй улс төрд танихгүй хүн үгүй болсон. Харамсалтай нь идэрхэн залуугаасаа ахыгаа даган, хөлсөө урсгаж хураасан мөнгөө цөөлж, дансаа дундалсан тухай яриа бий. Түүний хэтэвчийг өнгийсөн биш, мэдэх аргагүй. Хамгийн гол нь мөнгөгүй хүн их улс төр рүү өнгийдөггүй. Мань эр С.Эрдэнэтэй л тамга тэмдэг булаалдаад үзэж тарж байна гэж бодсон болохоос биш, МАН-тай үзээд байснаа нэлээд хожуу ухаарч дарга болох зүүднээсээ сэрсэн.

Нэгэнт АН-ын тамга, тэмдэг атгаж байгаа С.Эрдэнэ МАН-ын мэдэлд очсон байхад түүнтэй өрсөлдөнө гэдэг бол хад алгадаж байгаатай ажил зүйл байсан ч тэр “Тэсо”-гийн хөрөнгийг цацсаар байсан нь улс төрийн туршлага дутсаных биз ээ. С.Эрдэнийн өмнөөс тавьж байсан “уяач” нь Х.Баттулга ч сайн мэдэж байсан. Ерөнхийлөгч асан өөрийнхөө замыг чөлөөлөх төлөвлөгөөгөөр О.Цогтгэрэлийг МАН-ын өөдөөс тавьж байв. Замаа чөлөөлж чадахгүй ч цаадуулынхаа эсрэг нэг нөхрийг тавихаас өөр аргагүй улс төрийн нөхцөл байдал үүссэн цаг. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн суудлаас буусан Х.Баттулга намын даргын сонгууль зохион байгууллаа шүү дээ. Үнэн хэрэгтээ “Женко” С.Эрдэнээс тамга авах туршилтын ажлыг гэнэн дүрээр туршиж, болохгүй болохоор өөрөө яваад ч бүтээгүй. Хэрвээ О.Цогтгэрэл тамга авсан бол түүнээс эргүүлж авах шиг амар зүйл байгаагүй байх. Энэ мэт давхар нүүдлийг цаадхи гэнэн тэнэг нь хараагүй л болов уу. Цаад наадхи нүүдэл харах нь бүү хэл тэрбээр “АН-ын дотоод маргаан нэг талдаа гарсан бөгөөд цаашид хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана” хэмээж, намын Онц их хурлыг зохион байгуулсан. Ингэхдээ АН-ын анхан болон дунд шатны байгууллага буюу 330 сум, есөн дүүргийн төлөөлөл оролцон, шинэ удирдлагаар өөрийгөө ёсчлон баталж байв. Улсын дээд шүүх юу л гэж О.Цогтгэрэлийг зөвшөөрөв гэж. С.Эрдэнээр барьцаалсан эрх баригчдын нүүдэл хэдэн давхар байгаа. Тодорхой хэлбэл, энэхүү нүүдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжин, айсуй 2024 оны сонгууль хүртэл үргэлжлэх нь лавтай.

АН-д хүүхэд наснаасаа зүтгээд сонгуульд нэр дэвших эрхийн мандат бүү хэл багийн Нийтийн хурал ч үгүй 50 насны босго тулсан үе тэнгийнх нь нөхөд үй түмээрээ байхад улс төрд шинэ тутам нэг гэнэн нөхрийг тийм ч амар алхуулахгүй. “Хөдөлмөр хүний бий болгоно” гэдэг шиг залуу цагаасаа ах О.Сайнбуянтайгаа хамтран зүтгэж босгосон бизнес, хөрөнгө мөнгө нь түшсэн байх. Тэр тусмаа О.Цогтгэрэл гишүүн бол АН-ыг ядарч явахад нь ирж тохойноос нь өргөсөн учраас яах аргагүй хоймор эзлэх гэж оролдсон байх. Түүнээс бус АН-ынхан задарч явах үедээ түүнийг тийм ч амар босгоо давуулчихгүй л дээ. Уугуул мөн чанар нь тэр. Тухайн үед бизнесээ амжилттай залгуулж явсан улс төрд горилогч бүхэн С.Эрдэнэд цул алт харагдаж байсан учраас тэр ямар ч төвөггүй Увс аймагт АН-аас нэр дэвших эрхийн мандат өгчихсөн. Өнөөх олон зуун сая төгрөгийн босго давж, тэрбумаар хэмжигдэх сонгуульд өрсөлдөх зориг шулуудсан нь буруудаагүй. Гагцхүү “Женко”, С.Эрдэнэ, Үүл баатар нарын хайчан галд хэрчүүлж, эрх баригчдын барьцаанд гүйгээд орчихсон болохоос боломжийн амжилт үзүүлсэн. 

Увсад босоо байсан Н.Цэрэнбатыг дайрч унагачихаад УИХ-д ороод ирсэн гэхээр хувь хүнийх нь байр суурь орон нутагт харагдана. Өрсөлдөгч Н.Цэрэнбат нь урьд өмнө нэг сонгогдсон, УИХ-ын гишүүн, салбарын сайд гээд цэргээр бол “генерал” шахам нөхөр очиж байхад О.Цогтгэрэл улс төрийн талаасаа нэг дэслэгч нөхөр л очиж байсан хэрэг. Үүгээр ч зогсохгүй Н.Цэрэнбатын хөрөнгө О.Цогтгэрэлийнхээс лав дутахгүй гэхээр нэлээд ширүүн өрсөлдөгчтэй таарсан ч ялсан нь түүний мөн чанар байх. Түүний хувьд бизнесийн салбарт болон орон нутагтаа гайгүй нэр хүндтэй, эр хүн шиг юм гэсэн. Нутгийнхаа ахыг Ерөнхий сайдын суудлаас нулимс унаган буухад Увс аймгийн АН-ын даргаар заларсан ч аргагүй туршлага дутаж, Увсын АН-ыг унахад нөлөөлсөн гэдэг.

Аймгийн АН-ыг тараасан нөхөр улсын хэмжээнд АН-ыг тарахад ч нөлөөлсөн байдаг. Уг нь сүүлээ хавчин зугтаасан Н.Алтанхуяг нарыг байхад, Д.Дорлигжавыг өндөр дээд алба сэлгэн хашиж явахад гайгүй хүчтэй байсан юм гэнэ лээ. Аяндаа аймгийн АН-ын хүч суларч, дуучин С.Жавхлан хүртэл гүйж очоод байхаар нам нь унахаас яахав дээ. О.Цогтгэрэлд байгаа хамгийн том давуу тал бол бага залуугаасаа ахыгаа даган, бизнест хөл тавьж, өдгөө олон хүний ар гэр, амьдрал ахуйг авч яваа гэх чихэнд чимэгтэй нэр зүүдэг. Буян заяа нь хаачих билээ. Түүнээс бус ТҮЦ ч ажиллуулж үзээгүй тэрбумтнууд Төрийн ордноор дүүрэн байдаг биз дээ. Хөдөлмөрөөрөө боссон давуу талтай гэх нэр зүүхээс гадна улс төрд туршлага сууж, өөрийгөө өндөрт гаргаад сүйд болдоггүй юм гэхэд нэр мөртэй явахаар ирээдүй бол бий. Гэнэн замаар явчихгүй бол шүү дээ.

Нөгөө талаар хөдөлмөрлөж, өөрийгөө болон өрөөлийг хөгжүүлж явсан хүний хувьд бага залуугаасаа намба суусан хүн болов уу. Тиймдээ ч бусдын өмнө хоосон онолдож, олонд харагдах гэдэггүй байх. Уг нь Төрийн ордонд хөдөлмөр хийж үзээгүй, концесчин, тендерчин, цүнх баригчид гээд бусдад харагдах гэсэн хоосон цээж ч олон бий. Тэр Увс аймгийн Тэс сумын уугуул, Техникийн шинжлэх ухааны их сургуулийн Компьютерын техник менежментийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөөд ахынхаа үүсгэн байгуулсан “Тэсо” компаниар бизнесийнхээ гарааг эхлүүлсэн байдаг. Бас болоогүй энэ зууртаа Удирдлагын академид суралцаж, цол зэрэг хамгаалсан гэх боловсролын намтартай. Бас нэг давуу тал намтартаа бусад шиг олон сургуулийн нэр шигтгээгүй, өөрийнхөөрөө байгаа нь энэ байх. Бизнесийн салбарт олон жил ажиллаж, улс төрд хөл тавьсан хүнийг элдэв хэл ам дагахаас өөр яахав. Үнэнийг хэлэхэд О.Цогтгэрэлтэй холбогдох янз бүрийн хулгай луйврын баримтууд дэлгэгдэж л байдаг. Хамт байгаагүй болохоор даанч мэдэх юм алга. Харин ямар нэг баримтгүй шахам ярьж байдаг өнөөх Д.Мөнх-Эрдэнэ “Тэр бол үнэнч хөдөлмөрөөрөө баяжаагүй. Луйвар хийж, улс төрийн арга хэрэглэж хөл дээрээ боссон. Өдөр болгон талх нарийн боов хийдэг компани томорч чадаагүй байхад зайрмаг зардаг компани яаж ингэж томорсон бэ. Ямар мөнгөөрөө ийм том хорооллыг барьсан юм. Бусдыг шоронд хорьчихоод газрыг нь луйвардсан” гэх зэргээр ярьсан зүйл бол байдаг. 

Д.Мөнх-Эрдэнэ чухам ямар эх сурвалж харсныг мэдэхгүй. Харин өнгөрөгч 2013 онд Т.Энхболдсодонг АТГ-аас баривчлан 14 хоног хориод сулласнаас ял зэм өгч хориогүй. Ингэхдээ түүний 2011 онд байгуулсан “Ногоон цэцэрлэг жим” компани “Тэсо” группийн үүсгэн байгуулагч О.Сайнжаргалын нэр дээр шилжсэн гэдэг. Улмаар Т.Энхболдсодонгийн “Скай парк плаза”  компанийн нэр дээр байсан “Маршал таун”-ы хажуу талд байрлалтай 2.1 га  газрыг “Ногоон цэцэрлэг жим” компанид шилжүүлэн авсан. Тэр газарт “Тэсо“ корпораци  Монголын хамгийн  тансаг зэрэглэл, өндөр өртөг бүхий “Скай гарден” хотхоныг барьсан. Мөн О.Цогтгэрэл 2013 онд хуурай сүү үйлдвэрлэх нэрээр ихээхэн хэмжээний мөнгө авсан ч зориулалтаар ашиглаагүй гэх мэт хэл ам бол байдаг. Ямартай ч тухайн үед мань эр Н.Алтанхуягийн зөвлөхөөр, ах О.Сайнбуян нь “Эрдэнэс Монгол”-ын захирал байсан юм даг. Мөн нутгийн ах Д.Дорлигжавын ах дүү нартай нийлж, энд тэнд хууль бус газар авсан гэх мэдээлэл ч бий. Энэ үед Д.Дорлигжав Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайдаар тус тус ажиллаж байсан гэхээр хардаж болох л юм. Ямартай ч “Увс” фракц хүчтэй байсныг эндээс харж болно. Хүч сулраад байсан “Увс” фракцийг амь оруулахад тэр хүчин зүтгэсэн. МАН, АН-гүй хүч хавсайдаж байгаад Л.Гантөмөрийгөө намын дарга болгочихсон. Намын даргатай болсон О.Цогтгэрэл Д.Ганбатыг жагсаалтад оруулах тохироо хийж, өөрөө бүлгийн даргын өрөөндөө орчихсон. Наймаачин хүний зан л даа. Л.Гантөмөрийг намын дарга болоход таксыг нь төлөлцөж, бүлгийн гишүүдээ хайрцаглахаас эхлээд ажлуудыг тэр хариуцаж ирсэн гэдэг. Ийм л нэг алаг намтартай нөхөр улс төрд нэлээд шунамгай, чимээгүйхэн дайрч сууна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу