Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзний үнийг бууруулж буй талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хүргэж байна. /2023.06.14/

Тэрбээр “Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийг либералчлах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ гадаад нислэгүүдийг сэргээж, тарифыг нь бууруулсан. Харин орон нутгийн нислэгийн салбар хоцрогдож байсан юм.

Тэгвэл бид өнөөдөр орон нутгийн нислэгийг сэргээх ажлыг амжилттай хэрэгжүүлэн, тарифыг нь 2-2,5 дахин бууруулж чадлаа. 

Бидний бодлогыг агаарын тээврийн МИАТ компани дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд есөн чиглэлд хямд үнээр нислэг үйлдэхээр болсон. 

Ингэснээр,

  • Хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болох
  • Өндөр настан, нярай хүүхэдтэй хүмүүс зэрэг автомашинаар хол газар зорчих боломжгүй иргэдэд дэмжлэг болох
  • Гадаадын жуулчид орон нутаг руу аялахад хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Цаашдаа бид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад хотын нисэх буудлуудыг олон улсын чанартай болгохоор төлөвлөж байна” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Нислэгийн тарифыг ингэж хямдруулснаар МИАТ компани алдагдал хүлээх үү?

-МИАТ компани алдагдал хүлээхгүй. Ашиг ч олохгүй. Энэ компани нийгмийн хариуцлагын хүрээнд ашиггүй, алдалгүй өөрийнхөө өртгөөр нисэх гэж байгаа. Орон нутаг руу нисээд урт хугацаандаа зорчигчид нэмэгдээд хувийн компани нисэх боломж бүрдвэл МИАТ компани нислэг үйлдэхээ зогсоож, хувийн хэвшлийн компаниар хийлгэнэ. 

-Зарим орон нутгийн нисэх буудлуудыг олон улсынх болгоно гэлээ. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Манай улсын хэмжээнд өнөөдөр олон улсын чанартай ганц нисэх буудал бий. Агаар муудсан үед Эрхүү, Хөх хотод буудаг. Цаг агаарын байдал сэргэсний дараа буцаж нисэж ирдэг. Тэгэхээр дээр дурдсан дөрвөн аймгийн нисэх буудлыг олон улсынх болгох нь чухал ач холбогдолтой.

-Хувийн хэвшлийн компаниуд орон нутаг руу нислэг үйлдэхэд ямар бэрхшээл тулгараад байгаа юм бол?

-Зорчигчийн урсгал бага байгаа учир хувийн хэвшлийнхэн нислэг үйлдэхэд хүндрэлтэй байна. Зорчигч бага буйгийн шалтгаан нь тийзний үнэ өндөр. Тиймээс бид үнийг нь бууруулж байгаа юм.

МИАТ ТӨХК-ИЙН ҮЙЛДЭХ ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ БОЛОН ТИЙЗНИЙ ҮНИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу