С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын даргаар сонгогдсон Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг өнөөдөр (2023.01.31) 12:00 цагт Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр товложээ.

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгууль 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болж, сунгаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Энхсайхан, АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, БГД-ийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар, ЧД-ийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.

79 мянган гишүүн оролцсон санал хураалтаар УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат 21.027 хүний санал авч, намын даргаар сонгогдон, АН-ын XVI их хурлаар ёсчлон батламжилсан гэдгийг намаас нь мэдээлж буй.

Сануулахад, нөгөө талд АН-ын гишүүд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал гэгчийг 2023 оны нэгдүгээр сарын 19-ны хуралдуулж, Лу.Гантөмөрийг  152 саналаар намын даргаар сонгож, батламжилсан. Улмаар өнгөрсөн баасан гарагт түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм.