“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт (2023.06.12-14) болж  дэлхий нэр хүнд бүхий улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид оролцсон билээ. 

Энэхүү уулзалтад “Жендэрт суурилсан хүчирхийлэл-Хүний эрх” сэдвийн үндсэн илтгэгчээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг  оролцож улсын өнөөгийн нөхцөл байдал хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар зочид, төлөөлөгчдөд танилцуулга хүргэсэн юм.

Тэрбээр, “Хэдийгээр хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн хэдий ч бодлогын залгамж халаа сул, улс төрийн манлайлал дутмаг, нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголт хандлага зэргээс шалтгаалж жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүл, ажлын орчинд бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн болон эдийн засгийн хэлбэрээр байсаар байна” гэлээ.

Үүнтэй хэрхэн тэмцэх, цаашид авбал зохих арга хэмжээний талаар дурдахдаа,

-“Юуны өмнө хүн бүр “жендэрт суурилсан хүчирхийлэл яагаад байгаа вэ?” гэдгийг бодох ёстой. Үүний шалтгаанууд нь ядууралт, архидалт, хувь хүний санхүүгийн стресс, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой.  Жендэрт суурилсан хүчирхийлэл Монголд ямар байгаа талаар судалгаа бий. Үүн дээр маш ноцтой нь гэвэл ажлын байран дээрх жендэрт суурилсан бэлгийн хүчирхийлэл үйлдэгчийн 57 хувь нь удирдах албан тушаалтан байжээ. Энэ бол маш ноцтой тоо баримт.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэвэл хууль эрх зүйн орчин, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, жендэрийн хувьд ээлтэй төслийг батлаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Мөн төрийн албан хаагчдад зориулсан хэм хэмжээнд сургалтын орчинг хангаж өгсөнөөр энэхүү тэнцвэргүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд нааштай үр дүнг өгнө гэсэн тооцоолол бий” хэмээн ярьсан юм аа.

Мөн илтгэлдээ, Монгол Улс “Жендэр ба Хөгжил” хандлагад түшиглэсэн хууль бодлогын орчныг 2011 онд баталгаажуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах, авах арга хэмжээг зохицуулах хүрээнд

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай,
  • Гэр бүлийн тухай хууль,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,
  • Хүүхдийн эрхийн тухай,
  • Хүүхэд хамгааллын тухай хууль,
  • Эрүүгийн хууль,
  • Зөрчлийн тухай хуулийг баталж хэрэгжүүлж байгаа бөгөөд бодлогын хүрээнд Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухай танилцууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу