Засгийн газрын өнөөдрийн (2023.06.14) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг хэлэлцэж, тогтоол гарлаа. 

Боловсролын зээлийн сан дангаараа Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тэтгэлэг болон дэлхийн топ их сургуулиудад сурахад олгодог зээлийг олгож ирсэн. Тэгвэл үүнээс хойш төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тэтгэлэг, зээл олгох асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. 

Боловсролын зээлийн сангаас гадна Ашигт малтмал газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсныг болиулахаар боллоо. 

Өөрөөр хэлбэл, Боловсон хүчнээ бэлтгэх бодлогын хүрээнд явуулах сургалтын зээл, тэтгэлгийг зөвхөн Боловсролын зээлийн сангаас олгоно гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг  ил тод болгохоор боллоо.

Энэ хүрээнд 2023 онд топ их, дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд тодотгол хийгээд, дахиж өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгруулах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. 

Цаашдаа боловсролын багц хуульд өөрчлөлт оруулж, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны журмыг тодорхой болгоно. 

Тухайн жилд эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтыг өмнөх оных нь төсөв батлагдахтай зэрэгцэн олон нийтэд нээлттэй зарладаг болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу