Улаанбаатарчууд улирал болгон нэг асуудлын талаар нийгэм даяар бачимдан ярьцгааж шийдэл эрнэ. Мөн удирдах албаныхан ч шалавлан ажиллана. Харин улирал солигдоход яаж ийгээд мартах ба дараагийн асуудлаа ам уралдан ярьцгаана. Иймээс л бидэнд нэг дутуу зүйл байна.

Улаанбаатарын түүхээс харахад хэт олуулаа нэг дор байх аваас өвчин тахал, дайсны дайралтад олноороо  үрэгдэх магадлал өндөр тул аль болох сийрэг хүн амтай байхыг хичээн буурь сэлгэн нүүдэллэж ирсэн. Мөн Өндөр гэгээн монгол орон даяар тархан суурьшиж улс орноо эзэнтэй байлгах үүднээс засаг ноёдод ч үүрэг өгч явлаа. Мэдээж энэ бол хувьсгалаас өмнөх түүх.

Түүнээс олон оны дараа бид “Алтан тэвшийн хөндий”-дөө нэгэнтээ нэг сая долоон зуун мянгуулаа болжээ. Энэ суурин иргэншлийн мөчлөгүүдэд дэлхийн соёл, эдийн засаг, цар тахал, хулгай дээрэм зэргээс ч нэг их хоцроогүй л явна. Залуус дэлхийн хүн ам хаана юу хийж явааг олж мэдээд даган дуурайж, олон соёлыг нэвтрүүлсээр буй. Дэлхийн хаа нэгтээ аль нэг улсын нийслэл хотод очиход юу байдаг, тэр бүгдийг л хотдоо нутагшуулах гэж хэрэндээ дор бүрнээ хичээж байна даа. Эхэн үедээ ах эгч нь дургүйцэж хаанаасаа юу сурчихсан юм, юу өмсчихсөн юм гээд л халгаахгүй байлаа. Буурай орныг зовлон тойрохгүй гэдэг шиг эдийн засаг, иргэдийн амжиргаа өмнөхөөсөө дээрдээд байсан зүйлгүй. Нийгэм нь хоёр хуваагдах шахуу болж хойд, урд нутгийнхан гэж дайтах л дутуу. Гүүрний цаана уулын амнаас мөнгөний том урсгалд гараа дүрж сэрүүцэн суух чинээлэг хэсгээ иргэд үзэн ядна. Өөрсдөө тийм болъё гэхнээ бор хоногийн хоолноос хэтэрч байгаа нь үгүй. Ингэж цаг хугацааны аясаар зарим хаалга нээгдэж эхэлсэн. Олон салбарын боломжуудыг чадах ядахаараа иргэддээ нээж өгөн, зээл тусламж  дэмжлэг байж болох бүхнээр тордож эхэлсэн байгаа юм. Тэр нь ч үр дүнгээ өгсөөр иржээ. Одоо ядаж л залуус хүссэнээ өмсөж, хүссэнээрээ юмсад хандах нь чөлөөтэй болж байна.

Саяхан Япон улсын иргэн (Kimura Ayako) “Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ёс суртахуун та нарт байдаггүй” гэж хатуухан хэлээд авсан. Эл үгэнд ундууцах, гутрах, эгдүүцэх нь тунчиг олон байсансан. “Ёс суртахуун байхгүй гэж үү. Эсвэл байсан ч учраа нэг л олж өгөхгүй, Чингис хааны удмын гэх бардамнал цээжинд нь булгилж байгаа тул ингэж аашилж явна уу. Чухам хөгжил дэвшлийн төлөө л өдөр шөнөгүй ажлаад байгаагүй гэж үү” гэх мэтчилэн олон асуулт хариулт нэхнэ.

Монгол хүний уг чанар хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, уужуу холын бодолтой, өглөгч, тусархаг, далд бодолгүй гэх мэтчилэн тал нутаг шигээ уудам сайхан нь олон л доо. Харин энэ олон сайхан сэтгэл нэгэнтээ нийслэлдээ цуглаад хэн хэндээ цагаахан атаархаж явсаар сүүлдээ алтны дэргэдэх гууль гэгчээр болов уу. Төдийгөөс өдий хүртэл хөгжиж, аль чадахаараа шинэчлэгдэн урагшилж буй нь өнөөдрийн бүхнээс уг нь харагдана. Гэхдээ галзуу нохойнд гархи нэмэр гэж цахим орчны гүн донтолтод орчихсон. Цахим орчин иргэдийн үгээ хэлэх маш том боломж хэдий ч үүнийг нь ашиглах буруу гарын бүлгэм даган хүрээ хаяагаа тэлсээр. Товчхондоо ашиглаж, ашиглуулж, хардаж, харааж ерөөж, инээж хөөрч нийслэл хот чимээ шуугианаар үл тасарна.

Арай ядан үр хүүхэд нь сургуулиа төгсөөд, ажил төрөл нь жигдрээд хөгжих гэхээр урдуур нь нэг хулгайч ороод хамаг боломжийг нь хуу хамаад гарч одох. Түүний араас хэсэг харааж зүхэж, барьж хорь гэж баахан бухимдана. Хэсэг иргэд нэгдэж үгээ хэлэхээр талбайд цугларч цагаан хоолой барин орилно. Мэдээллийн хэрэгслээр хэсэг гарч, цахим орчинд ч хэсэг шуугина. Гэхдээ л чимээгүй болно.

Иргэдийнхээ дуу хоолой болсон энхийн цагаан тагтаанууд хэн нэгэнээс цадталаа будаа идэж аваад талбай дээр ирэн зурагтаар гарч эхэлнэ дээ. Энэ  мэчилэн хэсэг байхад л телевизийн мэдээ өөр мэдээгээр солигдоно. Өнөөх тагтаа хэтэрхий үнэмшилтэй хэтэрхий чанга ярьсаар олныг уйдаана. Энэ ч яахав нэг л сэдэв. Цаашаа үлгэр гоёор үргэлжилнэ.

Нийслэлийн зам талбай, барилга байгууламж гэж маш том асуудал. Сүүлийн хэдэн жил зун болгон хэсэг хэсгээр сэндийчин ухаж зэвэрч муудсан шугам хоолойг сольж буй. Энэ нь мөн иргэдийн дургүйцлийг хүргэнэ. Өнөөх хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, уужуу холын бодолтой, өглөгч, тусархаг, далд бодолгүй Монгол хүн барьц алдаад уджээ. Өндөр үнэтэй, өндөр чадалтай гар утсаа гаргаж ирээд дүрсийг нь буулгаж аваад сэвж эхэлнэ.

Албаныхан тайлбар хийж “ингэхгүй бол болдоггүй юм аа” л гэнэ. Аль нэг ажил хэл ам дагуулахгүй хийгдэнэ гэж бараг л үгүй. Ямар сайндаа жин тээсэн тэмээний хөшөөнд “бурантаг” өлгөж орхих вэ дээ. Энэ бүхэн ч нэг л улирал, нэг л хормын асуудал шахуу зүйл.

Том айлын авдар ч том л байдаг хойно маш олон асуудлууд араасаа хөвөрнө. Дээр дурьдсан зүйлс чухамдаа тулга тойрсон хэрүүл төдий. “Хөгжлийн банк”, “БЗС”, “Нүүрий хулгай”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” “Шувуу”, “Шүүр” гэхчилэн таван Ш ажиллагаа зэрэг асуудлууд толгой эргэтэл үргэлжилнэ. Дайны хажугаар дажин гэгчээр тархи толгойгоо уяулчихсан өнөөх цахим орчинд ч мөн хэрүүл дуусахгүй. Худал үнэн нь мэдэгдэхгүй. Арай тоймтой мэдээ нийтлэх хэд нь тэр бүгдэд хүртээлгүй.

Эргээд харъя. Улаанбаатар хотод юу дутуу  болчихоод ингэж их дуу шуугиан тасрахгүй үргэлжилнэ вэ? Анхандаа бүх зүйл жишигийн дагуу хөгжиж, хэрэглэж, эрж хайж байв. Азийн цагаан дагина байхаасаа л монгол хүний саруул ухаан аливаад зөөлөн хандаж байлаа. Гэтэл эд юмс нэмэгдэж, эрэлт хэрэгцээ үүсэж, өрсөлдөөн ширүүсэж, өөрийгөө голж, өрөөлд атаархаж, өөр улсад дурлаж учир нь олдохгүй их хөл хөөдөлгөөн болж эхлэв. Сайд дарга нарын хүүхэд гэхээрээ цөм давуу эрхтэй байж, утасны цаанаас нэгнээ зааж сурган, муулж эхэлэв. Эцэстээ өнөөх л гүүрний хоёр талдаа үлдэж чулуу нүүлгэлцсээр.

Асуудал хэнд байна вэ. Эрэл хайгуул хийвэл гээндээ ч бий, гоондоо ч бий. Давуу эрх гэгчээр бусдын урдуур алхаж алхаж, сүүлдээ амтанд нь ороод хамаг гүн рүү нь гараа хийчихнэ. Эрдэнэс ёроолдоо бий гэдэгт бат итгэчихнэ. Иргэд нь хараад орилоод эхлэхээр урдуураа ямар ч хамаагүй хөшиг татаад суучихдаг эрх мэдэлтнүүд энэ бүхний эхлэл байх.

Япон иргэний хэлсэн тийм ч худлаа зүйл биш шив дээ. “Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ёс суртахуун та нарт байдаггүй” гэж. Ёс суртахуун үнэт зүйл нь эд баялаг, эрх мэдлийн хажууд нурж унаад Туулд урсчихсан хэрэг үү. Туулд урслаа гэхэд хотоос холдоход хэн нэгэн шанагадаж аваад цай чанаад уучихна. Тэгээд цайгаа оочингоо утсаараа хотынхоны байгаа царайг харж сууна шүү дээ.

Одоо дахин нэг хэрэг шийдэхийг, нэг хулгайчийг барихыг хүлээж, хүлээнгээ дэргэдэх машинаа муулж, дээгүүрээ ниссэнд шохоорхож эхэлнэ. Яг юу дутаад байна вэ. Хот дүүрэн машин, барилга, хэрэглээ бий. Төрийн ордон дүүрэн асуудал, хулгай дээрэм бий. Мөн ажилгүй хүн, архи уух баар сав, буланд нь очиж бөөлжих модон хашаа маш олон бий. Асуудлыг харж уншиж бодож суугаа ч өчнөөн хүн олдоно. Гарц олоход юу дутаад буйг ч бодож, хэлэлцэж буй. Ингээд бодохоор хот маань пиг дүүрэн л санагдах юм. Хэнд юу дутаад ингэж их “дутуугийн комплекс”-ын үр дүн үнэртэнэ вэ. Хэн, яаж нөхөх вэ. 

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу