Олон улсын худалдааны төвөөс зохион байгуулдаг Экспортыг дэмжих олон улсын форумын 2023 оны чуулга уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-ний өдрүүдэд болох гэж байна.

Эл чуулга уулзалтад дэлхийн бодлого тодорхойлогч өндөр хэмжээний зочид, Алибаба тэргүүтэй олон улсын импортлогч компаниуд болон банк санхүүгийн байгууллагууд ирэх аж. Үүнд оролцохоор өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын 297 иргэн, 150 компани бүртгүүлжээ.

Тэгэхээр энэ нь манай улсын тухайд экспортод чиглэсэн бүтээгдэхүүнээ олон улсад танилцуулан хамтарч ажиллах, нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болох нь.


 

-ЖДҮ-ЭЭ ХӨГЖҮҮЛЭХ НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА МАНАЙ УЛСАД ЭНЭ ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Уг чуулга уулзалт Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй. Энэ талаар  Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж буй энэ арга хэмжээ гурван өдрийн турш үргэлжилнэ. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, мөн дэлхий нийтээр сүүлийн үед хамгийн их анхаарал хандуулж байгаа ногоон шилжилт, ногоон хөгжлийг дэмжих болон залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжихэд чиглэсэн томоохон хурал болох юм.

Энэхүү арга хэмжээг Олон улсын худалдааны төвөөс зохион байгуулдаг. Тус байгууллага нь НҮБ-ын 50 хувийн хөрөнгө оруулалттай, Швейцарийн Женев хотод төвтэй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд түлхүү чиглэж үйл ажиллагаа явуулдаг юм. 

Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай байгаа манай улсад ихээхэн ач холбогдолтой гэсэн үг.

Чуулга уулзалтын үр дүнд монголын бизнес, аж ахуй нэгжүүд экспортод чиглэсэн үйл ажиллагаагаа гадаадад сурталчилах, гадаадын аж ахуй нэгж, иргэдтэй холбоо тогтоох юм. Тиймээс энэ нь ойрын хоёр, гурван жилдээ экспортоо огцом өсгөхөөр зорилт тавьсан манай улсын хувьд том түлхэц болно.

Нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой” гэлээ. 

-МОНГОЛ УЛСАА ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ТОМ БОЛОМЖ ИРЛЭЭ-

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж “Засгийн газрын зүгээс цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарахаар олон арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд хамгийн чухал асуудал нь эдийн засгийг тэлэхдээ экспортыг нэмэгдүүлэх юм. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд бүхий л шатанд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. 

Манай улсыг экспортын бүтцээр нь аваад үзвэл уул уурхайн гаралтай экспорт 97 хувийг эзэлдэг. Бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортын дөнгөж гуравхан хувийг бүрдүүлж байна. 

Тиймээс Засгийн газраас экспортыг төрөлжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. 

Манай улс өргөн уудам тал нутагтай, 70 сая малтай. Тиймээс бидэнд экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх бололцоо маш их бий. Тухайлбал, Эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн салбарт экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа.

Чуулга уулзалтын хүрээнд дэлхийн бодлого тодорхойлогч өндөр хэмжээний зочид, олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд, томоохон импортлогч болох Алибаба тэргүүтэй компаниуд ирнэ. Мөн манайхаас арьс, шир авах хүсэлт илэрхийлсэн Энэтхэгийн томоохон компани оролцох юм.

Тэгэхээр манай улсыг дэлхийд таниулах, импортлогч орнуудын бизнес эрхлэгчдэд улсаа сурталчлах өндөр ач холбогдолтой арга хэмжээ болно. Тиймээс үүнд дотоодын аж ахуй нэгжүүдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн бид энэ ондоо багтаагаад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх үндэсний стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулна. Энэ төлөвлөгөөгөө одоо болох олон улсын чуулга уулзалтын үеэр олон улсын бизнесийн төлөөллүүд болон Дэлхийн худалдааны байгууллагад танилцуулна” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу