УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

Санал хураалтад нийт 46 гишүүн оролцсоноос 42 гишүүн дэмжиж, дөрвөн гишүүн татгалзав.

Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дутуугаа гүйцээж, монголын улс төрд том гажуудал үүсгээд байсан асуудлыг бид засаж, залруулж чадсан. Энэ удаад оруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол эцсийн дүндээ органик хуульд зөв сууж, үзэл санааг нь бодитой хэрэгжүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл, зорилго байж гэмээн хэрэгжинэ. 

Эрх барьж буй нам сонгууль бүрийн өмнө өөрийн намдаа ашигтай гэж үзсэн хувилбараар сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн. Үүнээс болж өнгөрсөн найман удаагийн сонгууль өөр өөр хувилбараар явж ирж, сонгогчдын боловсролыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын төлөвшлийг хангахад тогтворгүй байдлыг бий болгож байсан түүхтэй.

Тиймээс энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна. 

Монгол улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалтай байлгахыг хүсэж байгаа олон эрх ашиг байна. Үүнд авталгүйгээр нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс төрийн намууд нэгдмэл саналтайгаар баталсан. Тиймээс ч тарж бутаргадаг биш эвлэлдэн нэгддэг холимог тогтолцоог сонгуулийн хуульдаа суулган баталгаажуулж байна. 

Улс орныхоо том эрх ашгийн төлөө бид нэгдмэл байх шаардлагатай. Энэ утгаараа хоёр намын гаргасан төслийг нэгтгэсэн хувилбар дээр олон намуудыг үзэл бодлыг тусгаж, сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. 

Цаашид эрх баригч нам бүр өөрсдийн эрх ашгийн төлөө сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг байдал үүгээр дуусгавар болж байна. Энэ хууль цаашдаа 30 жил мөрдөгдөх ёстой”  гэлээ.  

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн буюу нэг хүйсийн квотын асуудал хөндөгдсөн билээ. Тэгвэл эцсийн хэлэлцүүлгээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн санал дэмжигдэж, эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл байхаар тогтсон юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу