УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор эмэгтэйчүүдийн буюу нэг хүйсийн квотын талаар дараах байр суурийг илэрхийлэв. 

Одоо мөрдөгдөж буй хуулиар нэг хүйсийн квот 20 хувьтай байгаа. Үүнийг энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 хувьд хүргэхээр тусгасан. Гэтэл зарим гишүүд квотын хувийг бага байна гэж үзээд чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй, 40 хувьд хүргэх санал дэмжигдсэн билээ.

Улмаар эмэгтэйчүүдийн квотын 40 хувийн асуудлаар УИХ-ын гишүүд, намын бүлгийн дарга нар зөвшилцөөд ТББХ-нд холбогдох санал дэвшүүлэхээр болж, хуралдуулсан. Байнгын хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос эхлэн хэрэгжих тухай санал оруулж иржээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Энэ заалт нь өмнөхөөсөө нэн дордож орж ирлээ. Байнгын хорооны хэлэлцүүлэгт буцаасны гол зорилго нь анхны хэлэлцүүлэг дээрх агуулгаа сайжруулах, гүйцээн боловсруулах байсан. Гэтэл тэгш эрхийн зарчмыг хассан байна. 

Тэгэхээр  нам эвслүүд нэр дэвшүүлэхдээ тэгш эрхийг хангахгүй юм байна гэж ойлголоо.

Мөн нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана гэж маш тодорхой заасан байсныг  “харгалзана” гэж өөрчилжээ. Гүйцээн боловсруулна гэж нийгмйин бүлгийн тэгш оролцоог гүйцэт халахыг хэлж байгаа юм уу. 

Сонгуулийн хууль гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон иргэний тэгш эрхийг баталгаатай хангах асуудал. Ардчилсан, шударга ёс, тэгш байдлыг хангах гэж байгаа бол тэр хангах зохицуулалтуудаа оруулж ирэх хэрэгтэй.

Намууд жагсаалтаа худалддаггүй, мөнгөний сонгуулиас татгалздаг, улс орны хөгжлийн төлөө бодлого дэвшүүлдэг ёс зүйтэй байх агуулгаар сонгуулийн тухай хуулийг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. 

НҮБ-ээс эхтэй жендэрийн үзэл санааг манай намын дарга нар анхнаасаа дэмжсэн. Эрэгтэйчүүд төвтэй засаглалын бүтцийг өөрчилж, ижил тэгш жишиг оруулж ирэхийг зорьж нийгэмд амлалт өгсөн. Одоо энэ байр сууриасаа ухрахгүй байх гэж найдаж байна.

Өнөөдөр дэлхий даяар тэгш оролцоо гэж ярьж байхад бид энэ агуулгыг хуулиас хасаж байна. Ингэж ухарсаар байх юм уу. 

Манай улс хоёр жилийн өмнө парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр дэлхийд 129-д байсан. Өнөөдөр 134-т орсон байна. Энэ бол эмэгтэйчүүд цөөрснийх биш, дэлхийн улс орнууд оролцоогоо нэмэгдүүлснийх.

Монголын хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний 60 гаруй хувь нь дээд боловсролтой, чадварлаг боловсон хүчин бий. 

Нийгэм эдийн засагт өнөөдөр хуримтлагдсан маш олон асуудлыг шийдэхэд ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдсээр байна. Дэлхийн бусад улсуудын жишээг харьцуулж хараад уг асуудалд дарга нар анхаарлаа хандуулахыг хүсье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу