Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Монгол перлит констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг https://opendatalab.mn/search/2597535 сайтаар харж болно. 2597535 регистрийн дугаартай уг компани 2005 оны 12 дугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Ашигт малтмалын ашиглалт /2007.02.09-2037.02.09/ /2007.02.09-2037.02.09/, Ашигт малтмалын хайгуул хийх, Гадаад худалдаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Охиндоогийн Цэндсүрэн, Цэндсүрэнгийн Тэмүүлэн, Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нарын иргэн, Лодика Инвестмент гэх аж ахуйн нэгж хувьцаа эзэмшигчтэйг Улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Компанийн эцсийн өмчлөгч нь Оргилболдын Солонго бол Гүйцэтгэх захирлаар нь Ганболдын Дөлгөөнтамир  гэгч ажилладаг.

Тус компани нь MV-010736-10736 кодтой Дундговь аймагт байдаг Замын улаан уул гэх 103.11 га хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Баруун гартаа Дэд сайдын эрх мэдэл атгаж, зүүн гартаа уул уурхайн тусгай зөвшөөрөл барьсан хүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа нь зүйл хэр нийцэх вэ. Дэд сайд О.Цэндсүрэнтэй хамтран Монгол перлит констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшдэг хүмүүсийг судалж үзье.

Цэндсүрэнгийн ТЭМҮҮЛЭН

О.Цэндсүрэнгийн хамаарал бүхий Цэндсүрэнгийн нь Тэмүүлэн 5994993 регистрийн дугаартай Авад майнинг гэх компанийн Гүйцэтгэх захирал. Авто машины сэлбэг худалдаа, Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, Авто машины засвар үйлчилгээ, Гадаад худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг юм байна.

Ц.Тэмүүлэн мөн 5409683 регистрийн дугаартай гадаад худалдааны чиглэлийн Эй Эс Ти Эс ХХК-г 2010 онд үүсгэн байгуулсан. Гүйцэтгэх захирлаар нь Пүрэвдоржийн Өнөржаргал ажилладаг. П.Өнөржаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 6061974 регистрийн дугаартай Гадаад худалдаа, Халуун усны үйлчилгээ, Дугуй засвар, Барьцаалан зээлдүүлэн үйлчилгээ, Хүнс, барааны дэнгүүрийн чиглэлтэй ТБМ ХХК-ийн Гүйцэтгэх захирал.

Тэрбишийн ГОВЬДЭЛГЭР

Дэд сайдын эрх ашиг нэгтэй Т.Говьдэлгэр нь уул уурхайн чиглэлд эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн гэдгийг баримтаас харж болно. Түүний хувьд эзэмшдэг Монгол алтан минт ХХК нь  Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр 2017 оны 05 дугаар 02-ны өдөр байгуулагдсан юм байна. Лодика Инвестментс ХХК, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нар хувьцаа эзэмшдэг. Хамгийн сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн хүү Аранзал, Шарын гол ХК-ийн захирал асан Бадангийн Батбаатар нар бүртгэлээс нэрээ хасуулсан байгаа юм. Компаний эцсийн өмчлөгч нь Оргилболдын Солонго юм. Тэрбээр Дэд сайд О.Цэндсүрэнгийн хувьцаа эзэмшдэг Монгол перлит констракшн ХХК-ийн эцсийн өмчлөгч байж таарсан.

Т.Говьдэлгэр нь Говькараван ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Лодика Инвестментс ХХК, Б.Гантулга, Ж.Эрдэмбилэг нарын хамт хувьцаа эзэмшиж байна. Б.Батбаатар хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулжээ. Тус компани 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан бөгөөд Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх, Гадаад худалдаа, Гэрээгээр өрөмдөг хийх, Геологийн суурь судалгаа,зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. Компанийн эцсийн өмчлөгчөөр О.Солонго бүртгэлтэй байна. Говькараван ХХК нь XV-021178-21178 дугаартай Наран гол хэмээх 70.76 га талбайд хайгуулын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Улаанбаатар, Сүхбаатар, 2-р хороо, Twin Tower -1 оффисийн 10-р давхар, 1002 тоотод үйл ажиллагаа явуулдаг.

Мөн Говь караван Холдинг ХХК-ийг Лодика Инвестментс ХХК, Б.Гантулга, Ж.Эрдэмбилэг нарын хамт эзэмшдэг юм байна. Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Гадаад худалдааны чиглэлийн тус компанийн байр нь Улаанбаатар, Сүхбаатар, 2-р хороо, 32, 64 тоот гэсэн хаягт байрладаг аж. Б.Батбаатар хувьцаа эзэмшлээс нэрээ хасуулсан байх юм. Гүйцэтгэх захирал нь У.Энхбилэг.

Дэд сайдын хувьцаа эзэмшдэг Монгол перлит констракшн компанийн Гүйцэтгэх захирлаар тодроод байгаа Лодика Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Уртнасангийн Энхбилэг нь Сэйж интернэшнл ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Уг компани нь Хүнд машин механизмийн түрээсийн үйлчилгээ, Гадаад худалдаа, Хүнд машин механизмийн тоног төхөөрөмжийн худалдаа, Уул уурхай тоног төхөөрөмжийн худалдаа, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Менежментийн зөвлөгөө өгөх, Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, Бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг. У.Энхбилэгийн нэр дээрх компаниудын жагсаалтыг хүргэе.

У.Энхбилэг Эм БИБ сапплементс ХХК-г 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй компани аж.

Мөн Си Би Эм ХХК гэх 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Геологийн судалгаа, зөвлөгөө өгөх, Уул уурхайн менежментийн зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компанийн Гүйцэтгэх захирлаар У.Энхбилэг мөн ажилладаг байна. Түүний өмнө Жүгдэрнамжилын Эрдэмбилэг захирлын албыг хашиж байж. Компанийн эцсийн өмчлөгч нь Н.Батнайрамдал. Харин Наранбадрахын Батнайрамдал, Шарын гол ХК-ийн захирал асан Бадангийн Батбаатар нар хувьцаа эзэмшиж байгаад Б.Батбаатар нэрээ хасуулсан байх аж.

Уртнасангийн Энхбилэгийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг Тайхаржин транс гэх 2008 онд байгуулсан компани бий. Тус компанийн хувьцааг Монгол алтан минт ХХК эзэмшдэг бол эцсийн өмчлөгч нь мөнөөх л Шарын гол ХК-ийн захирал Б.Батбаатар болж таарав. Авто машинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.

Түүнчлэн У.Энхбилэгийн Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Эм Эн Юу Би кредит ХХК үйл ажиллагаагаа 2013 оноос хойш явуулж байна. Говь Караван Холдинг ХХК хувьцааг дангаараа эзэмшиж байгаа бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эцсийн өмчлөгчөөр Бадангийн Батбаатар бүртгүүлжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчээс Гурвантайж ХХК хасагдсан бүртгэл үлджээ.

У.Энхбилэгийн Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Эм Эн Юу Би кредит ХХК үйл ажиллагаагаа 2013 оноос хойш явуулж байна. Говь Караван Холдинг ХХК хувьцааг дангаараа эзэмшиж байгаа. Говь караван Холдинг ХХК-ийг Лодика Инвестментс ХХК, Б.Гантулга, Ж.Эрдэмбилэг, Т.Говьдэлгэр нар эзэмшдэг. Лодика Инвестмент ХХК-ийг Оргилболдын Солонго эзэмшдэг. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эцсийн өмчлөгчөөр Бадангийн Батбаатар бүртгүүлжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчээс Гурвантайж ХХК хасагдсан бүртгэл үлджээ.

Говь Караван Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь У.Энхбилэг гэвэл гайхаж байна уу, та. Яалт ч үгүй Улсын бүртгэлд ийн бүртгэлтэй байх юм. Уул уухайн чиглэлээр зөвлөгөө өгдөг тус компанийн хувьцааг дээр хэдэнтээ нэр дурдагдсан Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг, Лодика Инвестментс ХХК эзэмшиж байна. Энэ бүгдээс харахад О.Цэндсүрэн, Т.Говьдэлгэр, Б.Гантулга, Ж.Эрдэмбилэг, О.Солонго, У.Энхбилэг нарын хоршил уул уурхайн салбарт маш хүчтэй үйл ажиллагаа явуулж байна гэж харахаар байгаа юм.

Борхүүгийн ГАНТУЛГА

Тэрбээр Т.Говьдэлгэрийн адил Монгол алтан минт ХХК, Монгол Перлит Констракшн ХХК, Говь Караван Холдинг ХХК, Говькараван ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Дэд сайд О.Цэндсүрэнтэй Монгол Перлит Констракшн ХХК-ийн хувь эзэмшлээр холбогдож байна.

Жүгдэрнамжилын ЭРДЭМБИЛЭГ

Ж.Эрдэмбилэг Б.Гантулга, Т.Говьдэлгэрийн адил Т.Говьдэлгэрийн адил Монгол алтан минт ХХК, Монгол Перлит Констракшн ХХК, Говь Караван Холдинг ХХК, Говькараван ХХК-ийн хувьцаа эзэмшигч. О.Цэндсүрэнтэй Монгол Перлит Констракшн ХХК-ийн хувь эзэмшлээр холбогдож байна.

Түүнд 2021 оны 10 дугаар 05-ны өдөр байгуулсан Гранд аз хүч гэж компани бий. Уул уурхайн зөвлөгөө өгөх, Барилгын материалын худалдаа,  Авто машинаар ачаа тээвэрлэх, Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр компанийн гэрчилгээнд тусгагджээ. Улаанбаатар, Баянгол, 1-р хороо, 2 хороолол, энгельс, 8, 53 тоот бүртгэлтэй бол уг хаягт гадаад худалдааны Хангайхан өндөр ХХК бүртгэлтэй байгаа юм.

ШАРЫН ГОЛ ХК ДЭЭР ОГТЛОЛЦОХ ЭРХ АШИГ

Энэ бүгдээс харахад Дэд сайд О.Цэндсүрэн, Ж.Эрдэмбилэг, Б.Гантулга, Т.Говьдэлгэр, Ц.Тэмүүлэн, О.Солонго, У.Энхбилэг нарын хэлхээ хамаарал тодорхой харагдана. Түүнчлэн тэдэнтэй хамт хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байж байгаад хасагдсан Бадангийн Батбаатарыг орхиж болохгүй. Тэдний хамаарал Шарын гол ХК-ийн ТУЗ дээр нэгдэж байгаа юм. Тэрбээр 2014 оны 6 дугаар сараас “Шарын гол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. 

Компанийн “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай” ТУЗ-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагаас “Улаанбаатар зочид буудал”-ын хурлын танхимд хуралдуулсан байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Б.Батбаатар, О.Цэндсүрэн, /Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн охин/ Г.Хулан, Ж.Эрдэмбилэг нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдсон. ТУЗ-ийн даргаараа Г.Хуланг сонгосон. 

Дээр дурдагдсан Монгол алтан минт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээр Лодика Инвестментс ХХК, Б.Гантулга, Ж.Эрдэмбилэг, Т.Говьдэлгэр нар хувьцаа эзэмшдэг. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Д.Гэрэлийн хүү Аранзал, Шарын гол ХК-ийн захирал асан Бадангийн Батбаатар нарын холбоо хамаарал Шарын гол ХК дээр яв цав нэгдсэн байна гэж харж болохоор. Аалзны тор мэт ингэж уул уурхайн салбарт ингэж хэрсэн байдлыг АТГ мэдэлгүй өнгөрүүлнэ гэж байх уу. Араа шүдээ яралзуулсан АТГ-ын хаагуур нь О.Цэндсүрэн Дэд сайд болоод гарч ирэв гэдэгт гайхах хүн олон байна. 

Яаж ч бодсон үүнийг санамсаргүй үйл явдал гэхгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хөгжлийн банкыг Хянан шалгах түр хорооноос 2023.01.17-ны өдөр Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан. Тухайн үед ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Гэрэл гадаадад улсад яваа, Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг нар оролцох боломжгүй гээд ирээгүй юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор  “Шарын гол” ХК-ийн “Буянтын хөндийн адаг” алтны шороон ордыг ашиглах төсөлд өгсөн зээлийн асуудлыг хэлэлцсэн. Хөгжлийн банкнаас 7.05 хувийн хүүтэйгээр 264 сая иенийн санхүүжилтыг Шарын гол ХК авсан байдаг. Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газраас “Зээлдэгч Шарын гол ХК нь үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг. Тоног төхөөрөмжийн худалдах, худалдан авах гэрээнүүд хийгдээгүй, зээлээ хугацаандаа төлж чадахгүй “Эрсдэлтэй” “гэсэн дүгнэлт гаргаж байсан. Гэвч Зээлийн удирдлагын хорооны 2018.07.26 -ны өдрийн дүгнэлтээр тус төсөлд зээл олгохыг дэмжсэн тул зээлийн гэрээ байгуулагдан олголт хийгдсэн байдаг. Зээлийн зарцуулалтыг авч үзэхэд “Шарын гол” ХК нь Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээс 4 тэрбум 39 сая төгрөг болон Говькараван ХХК-аас нэмж 9.5 тэрбум төгрөгийг зээлийн эргэн төлөлт нэртэйгээр “Хэрлэн Онон Туул” ББСБ руу шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан тухай шинжээчийн дүгнэлт гарсныг хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Гэрчээр оролцох ёстой ТУЗ-ийн дарга нар ирсэнгүй. “Шарын гол” ХХК-ийн захирал Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг нар “Хэрлэн онон туул” ББСБ-д хувьцаа эзэмшдэг. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээс дөрвөн тэрбумыг ББСБ-ын дансаар дамжсан талаар холбогдох этгээдүүд байхгүй байна. Тиймээс нотлох баримтыг танилцуулаад дуусгана. Тус компанийн үүсгэн байгуулагчдыг танилцуулъя. ТУЗ-ийн дарга Г.Хулан Тагнуулын дарга асан Д.Гэрэлийн охин. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралтай. ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь “Эм Эн Юу Би кредит” компанийн өмчлөгч. Энэ нь “Хэрлэн онон туул” ББСБ-ын 100 хувь хувьцаа эзэмшигч. ТУЗ-ийн гишүүн Ж.Эрдэмбилэг “Говь караван” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тэрбээр 100 хувь эзэмшдэг. 

Хөгжлийн банкнаас “Шарын гол” компанийн 4669… дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу “Говь караван” ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн, 540 сая төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 14-нд гээд нийт 4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь энэ дансандаа 70 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр хоорондоо шилжүүлж, “Шарын гол” ХХК-ийн дансанд 943 сая төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байгаа.

Тус компани Хөгжлийн банк болон “Говь караван” компаниас зээлийн эх үүсвэрээс шилжүүлсэн 4 тэрбум төгрөг болон харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт нийт 9.5 тэрбумыг зээлийг эргэн төлөлт гэсэн утгатайгаар ББСБ-руу наймдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Нэгэнт ББСБ-руу мөнгө шилжүүлж, мөнгө угаалтын шинж байдаг. 

Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Э.БОЛД