“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад Ч гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж, мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан.
Ч-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” хэмээн мэдэгдлээ. 
Эрүүгийн хуулиас дээрх зүйл ангиудыг харвал, 

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу