Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлэн, хурааж авсан билээ. Түүнээс хойш С.Батдөлийг өнөөдрийг хүртэл цагдан хориод буй. 

Улмаар хэргийг тавдугаар сарын 10-нд прокурорын байгууллага руу шилжүүлж, прокуророос тавдугаар сарын 30-нд яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Энэ хэрэгт С.Батдөлөөс гадна УБТЗ-ын арав гаруй албан тушаалтныг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох товтой байна. 

Сануулахад, түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн  тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,  18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. 


ХУУЛИЙН ТАЙЛБАР:

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл: Нийтийн албан тушаалтан хахууль авах

2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл: Мөнгө угаах

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу