ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр ТӨБЗГ-ийн дарга Б.Цэнгэлээс “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд хэчнээн төгрөгийн хохирол учруулсан бэ” хэмээн асуув. 

Үүнд Б.Цэнгэл дарга “Ажлын хэсэг гарч ажиллаад, энэ үйлдвэрт санхүүгийн хяналт шалгалт оруулсан. Шалгалт 4 0гаруй хоног үргэлжилсэн юм. Энэ хугацаанд байгаа бичиг баримт дээр нь тулгуурлаад тооцоход улсад 1,2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Тиймээс энэ асуудалд хууль хяналтын байгууллагаас шинжээч томилж ажиллуулахад учруулсан хохирол нь 1,8 их наяд төгрөг гэж гарсан байгаа” хэмээн хариуллаа.

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  “Мэдээлэлд ойр байдал, улс төрийн эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, олон нийтийн өмч хөрөнгийг луйвардаж буйтай Засгийн газар эвлэрэхгүй. Тиймээс Эрдэнэт, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент, шохой компаниудын хувьчлалын гэрээг цуцалсан. 

Эдгээр үйлдвэрүүдэд бий болсон луйврын чанартай үйл ажиллагаа болон хохирсон учирлыг маш тодорхой ярих шаардлагатай.

Зөвхөн энэ гурван компанийн эзэмшиж байгаа өмч хөрөнгө, орд газрын лиценз зэргийг үнэлээд хэлбэл хэдэн арван их наяд төгрөгөөр яригдах хэмжигдэнэ. 

Газрын хэвлийн баялаг бол монголын нийт ард түмний өмч байх ёстой. Ард түмэндээ өгөөжөө хүртээдэг байх ёстой. 

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нэг гэр бүл, нэг компани эрх мэдлийн болон улс төрийн том нөлөөлөл, мэдээлэлд ойр байгаа давуу талаа ашиглаж эдгээр том өмчүүдийг эзэмшиж, илүү ашиг олжээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан этгээд дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах ёстой төмрийн хүдрийг 50-80 хувийн хямд үнээр борлуулсан. Мөн энэ үйлдвэрийг төлөөлж хил дээр борлуулалт хийж байсан этгээдүүд дандаа Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан компаниуд байсан. Үүнийг маш тодорхой ярих ёстой.  

Бас төртэй хийсэн гэрээндээ гангын үйлдвэр барина гэж гэрээлсэн боловч нэг ширхэг ч хадаас хадаагүй. 

Үйлвэрийн эзэмшиж байгаа ордоос төмрийн баяжмалыг зарж борлуулахад хэрэгцээтэй байсан төмөр замыг төрийн мөнгөөр барьсан. Авто замыг ч мөн адил. Нэг ёсондоо концессоор үйлдвэр авсан этгээдүүд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин үйлдвэрийн өмч хөрөнгийг барьцаалж их хэмжээний зээл авсан. Мөн баяжмалыг нь хямд үнээр борлуулсан. 

Хууль хяналтын байгууллагын тогтоож буйгаар энэ үйлдвэрийг концессоор авсан этгээдүүд үйлдвэрт 1 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Харин Засгийн газрын тооцож байгаагаар энэ үйлдвэрт учруулсан хохирол нь 2,8 их наяд төгрөг болж байгаа. 

Энэ мэт асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь Засгийн газрын зүгээс гайхаж хүлээж авч байна.

Гар утас хулгайлсан иргэний асуудлыг хууль хяналтын байгууллага долоо хоногийн дотор шийдвэрлэдэг. Гэтэл монголын ард түмэнд хэдэн их наядаар хэмжигдэх хохирол учруулсан, өмч хөрөнгийн хулгай хийсэн этгээдүүдтэй хариуцлага тооцох болохоор 5,6 жилээр хойшоо сууж байгаа байдал бол шударга ёс алдагдаж байгаагийн том илрэл юм. 

Шударга ёс тогтоон гэдэг бол гар утас хулгайлсан иргэнтэй хариуцлага тооцож буйтай адил энэ том хэмжээний луйвар хийсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Монголын ард түмнийг, монголын төрийг хохиролгүй болгох ёстой. 

Энэ асуудал хууль хяналтын байгууллагын түвшинд хэрхэн явж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу