ЕБС-ийн гуравдугаар ангиас эхэлж англи хэл заах эсэх талаар шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэвлэлд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Боловсролын багц хуульд англи хэл зааж эхлэх ямар нэгэн анги заагаагүй. Харин англи хэлийг анхдагч хэлний түвшинд заая гэдэг зарчим барьж байгаа.

Энэ хуулиар боловсролын салбарт тулгамдаж буй зургаан том асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Хамгийн чухал нь хот, хөдөөгийн болон улсын, хувийн  сургуулиудын ялгааг арилгах юм. Хамгийн сайн сургууль бол гэрт ойрхон сургууль байх ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлэхиййн тулд зургаан зүйлийг хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. Үүнд, 

  • Санхүүжилт. Хүүхэд хаана сурч буйгаасаа үл шалтгаалаад сурах орчин нь адил байх ёстой. 
  • Багшийн чанар. Багшийн чанараас сурагчийн чанар хамаардаг учир бид багшаа дэмжих ёстой.
  • Сургууль, цэцэрлэгүүдийн засаглалын асуудал. Улс төрийн томилгоо биш мэргэжлийн томилгоог хийдэг тогтолцоо руу орно.
  • Хуурамч дүнгийн тогтолцоо. Багш нь хүүхдийнхээ ирээдүйг бодож байна гээд хуурамч дүн тавиад байдаг ийм байдлыг зогсоож, 5, 9-р ангид улсын шалгалт авна. Бусад тохиолдолд хүүхдийн гарааны, явцын, барианы үнэлгээ хийдэг болно.
  • Хөтөлбөр. Хөтөлбөрийн менежментийн циклтэй болно. Нэг хөтөлбөрийг хамгийн багадаа 10 жил хэрэгжүүлж байж дараагийн хөтөлбөр рүү шилжих эрх зүйн орчныг бий болгоно.
  • Англи хэл хамгийн чухал цаг үед бид амьдарч байна. Улсын болон хувийн сургуулийн ялгаа англи хэл дээр маш их гарч байгаа. Тийм учраас англи хэлний сургалтын чанарыг сайжруулна. Үүний тулд багшаас үл шалтгаалсан, хүүхэд өөрөө бие дааж суралцах боломжтой платформуудыг нээж өгнө.

Ер нь бол тавдугаар ангиас англи хэл заахад хоцроод байна. Тиймээс гуравдугаар ангиас нь зааж, ахлах ангид нь зарим хичээлийг англиар ордог болох зохицуулалтыг хийнэ. Үүнийг хуульчлахгүйгээр хөтөлбөрийн зарчмаар явна. 2024 оны намраас 3,4-р ангиас нь англи хэлийг заахаар төлөвлөж байна. Ингэхдээ Person, Medlee платформыг ашиглана. 

Багш нарын дунд хийсэн үнэлгээгээр Англи хэл зааж байгаа нийт 2,800 багш нарын 60 хувь нь зургаадугаар ангийн хүүхдийн түвшний мэдлэгтэй байна. Хүүхдүүд англиар зөв уншиж чадахгүй, зөв дуудаж ярьж чадахгүй багшаар хичээл заалгаж байна гэсэн. Ингэж бид хүүхдийн ирээдүйг бүдгэрүүлж болохгүй. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлээр англи хэлний чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу