АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд 100 мянган ам.долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэг хэлбэрээр очих аж. 

Тусламжийн талаар АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Энэхүү зудын хариу арга хэмжээ нь Монголын ард иргэдийг цаг уурын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байх, хариу арга хэмжээ авахад нь туслах бидний явуулж буй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд нэрвэгдсэн малчдад хурдан сэргэх, хөл дээрээ босоход нь туслах зорилготой юм  Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөршийн хувьд бид хүнд хэцүү үед нь Монголын ард түмэнтэй мөр зэрэгцэн зогсох болно” гэв.

Монгол Улсын ард иргэдийн зуд болон бусад байгалийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхийн тулд жилийн турш хэрэгждэг урт хугацааны хөтөлбөрүүдийг АНУ-ын ОУХА-аас явуулдаг. Эдгээр хөтөлбөрүүдэд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтан албан хаагчдыг сургах, Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран гамшигт үзэгдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, малын өвчлөлийн тандалтын чадавхийг бэхжүүлэх зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах дэмжлэг багтдаг.

АНУ-ын Засгийн газар ОУХА-аараа дэмжуулан эрсдэлт бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг.  2010 оноос хойш ОУХА-аас 8 сая орчим ам.долларыг Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт зарцуулжээ.