Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд хийх соёл урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвентийн талаар зохион байгуулагчид өнөөдөр (2023.06.21) мэдээлэл хийлээ.  Тус аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нэг сарын хөтөлбөрийг боловсруулсан тухай танилцуулсан юм.

Уг үйл ажиллагааг товч танилцуулбал,

  • Долоодугаар сарын 1-5-ны хооронд “Монгол” УСК-г толилуулна.

Төслийн зөвлөх н.Чинбямба:

 “Архангай аймгийн төвөөс 2.5 километрийн зайд RN complex аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж байгаа. Одоогоор бүр барилгын ажил дуусч, тохижилтын ажил явагдаж байна. Түгжрэлгүй, зогсоолтой байх, өдөр бүр арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Өдөр бүр явуулын цирк болон амьтны хүрээлэнтэй бөгөөд Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран 31 төрлийн хоолны сонголтуудтай байхаар төлөвлөж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчидтэй гэрээгээ байгуулж байгаа. “Монгол” уран сайхны киноны хэлэлцээр хийгээд долоодугаар сарын 1-5-ны хооронд RN complex-тоо цацах зөвшөөрлөө авсан” гэсэн юм.

  • Долоодугаар сарын 21,22-ны өдрүүдэд амьд хөгжмийн наадам зохион байгуулна

Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан: “Долоодугаар сарын 21,22-ны өдрүүдэд амьд хөгжмийн наадам зохион байгуулахаар болсон. Миний бие ерөнхий найруулагчаар ажиллаж хамтлагуудаа оролцуулахаар бэлтгээд байна. Энэ амьд хөгжмийн наадамд энэ цаг үеийн шилдэг хамтлагууд оролцоно. Шинэ стадионд шинэ хөгжмийн дуугаралттай орчинд амьд хөгжмийн тоглолт хоёр өдөр үргэлжилнэ. Бүх амьд хөгжмийн сонсогчдоо урьж байна” гэлээ.

  • Долоодугаар сарын 7-нд нийтийн дуучдын шоу тоглолт болно

Дуучин Э.Төрмандах “Нийтийн дуучдаа төлөөлж 15-16 уран бүтээлч долоодугаар сарын 7-ны өдөр тоглолт хийж, уран бүтээлээ хүргэнэ. 2023 онд Монгол орон даяар “Малчид дуулж байна” уралдаанд тэргүүлсэн шилдэг гурван дуучин оролцоно. 19.00 цагаас нийтийн дуучдын шоу тоглолтод урьж байна” гэлээ.

  • Долоодугаар сарын 14-нд бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Люмино хамтлагийн дуучин Бажи: “Люмино хамтлаг долоодугаар сарын 14-нд бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Люмино хамтлагийн анх удаа гадаа хийж байгаа том хэмжээний анхны тоглолт” гэдгийг тус тус онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу