Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Оюу толгойг эс тооцвол өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээ унасан. Энэ нь эргээд манай эдийн засгийн өсөлт, ажлын байранд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс эдийн засгаа тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийн түргэтгэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдлээ. Сүүлийн 65 хоногийн дотор бүх хэлэлцүүлгийг зохион байгуулж, 120 гаруй байгууллагаас санал авсан. Нийт 695 санал ирснээс 60 хувийг нь хуулийн төсөлдөө тусгасан.

Үндсэн гол хэсэг нь, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх асуудал. Нэг хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол ч байна. Дунджаар 6.2 жилийг шүүх дээр зарцуулдаг юм байна. Хөрөнгө оруулалт хийнэ гэж Монголд орж ирээд зургаан жилийг нь шүүх дээр зарцуулж байна гэсэн үг. Энэ нь хөрөнгө оруулагч нарыг үргээх нэг асуудал болж байгаа. Тиймээс Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөл байгуулахаар боллоо. Хэрэв хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл арбитрт ба шүүхэд хандаж болно.

Дараагийн зүйл нь, хөрөнгө оруулахад элдэв саад учруулдаг бүх хүчин зүйлийг болиулна. Монгол Улс хөрөнгө оруулалтад таатай, хувийн хэвшлийг дэмжсэн орчин бүрдүүлэх ёстой. Тухайлбал, Монголын биенест хөрөнгө оруулахын тулд заавал дансандаа 100 мянган ам.доллар байршуулах босго тавьдаг. Дэлхийн 24 орон л ийм шаардлага тавьдаг юм байна. Тэдний хөгжил бас өндөр биш. Тийимээс энэ заалтыг авна.

Мөн төрөөс хийдэг төрөл бүрийн хяналт шалгалт байна. Төрийн шалгалт нэг удаа цувж, давхардаж орж ирдэг гэж бизнес эрхлэгчид шүүмжилдэг. Иймд жилд хамгийн ихдээ хоёр удаа шалгах заалт оруулж ирж байна.

Дотоодын ААН-д нэг өөр, гадаадын ААН-д нэг өөр хураамж тавигддаг байсныг болиулж байна. Удахгүй болох хөрөнгө оруулалтын форумд энэ өөрчлөлтөө танилцуулах зорилготой байгаа.

Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөв тодотгож, зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлээд буй. Энэ бол 500 орчим сая ам.доллар гэсэн үг. Үүнээс бид эргээд ам.долларын эрэлтийг 300 орчим сая доллароор нэмэгдүүлэх шинжтэй гэж харсан. Иймд хариу арга хэмжээ болох бодлогын шийдлүүдийг Засгийн газар санал болголоо.

Бид үнэ тогтворжуулах биш нийлүүлэлтийг нэмэгдүүлэх л бодлого баримталж байна.

Уул уурхайн биржийг олон хүн эсэргүүцэж байсан. Үр дүнтэй л ажиллаж байна. Хоёр өдрийн өмнө гэхэд 63 удаа үнэ хаялцсан байна. Иймд малын гаралтай бүтээгдэхүүн малчдын гараас гарснаас илүү өндөр үнэтэй зарагдаж байгаа бол хөдөө аж ахуйн биржийг ажиллуулах ёстой.

Дараагийн багц арга хэмжээ бол валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарна. Аль болох олон боомтоор гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ гаргадаг байхад анхаарах ёстой. Долдугаар сарын 1-нээс эхлэн нүүрсээс гадна жонш, төмрийн хүдрийг биржээр зарна.Ингэснээр валютын нөөц нэмэгдээд явна.

Мөн банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх тухай асуудал байгаа. Одоо байгаа дээр нэмээд гаднын томоохон хөрөнгө оруулалтын банкыг оруулаад ирвэл нийлүүлэлт нэмэгдээд, хүү буурна. Энэ ажлыг Монголбанк идэвх санаачилгатай хийх ёстой” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу