Энэ хүний хөрөнгө мөнгийг тоолж байхаар тэнгэрийн одод тоолсон нь амархан гэх егөө бий. Монгол Улсаас хальж Азид гарсан их хөрөнгөний эзэн бол яах аргагүй Сү.Батболд гэх юм билээ. Би ямар Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт хөрөнгө мөнгийг нь тоолж байсан биш мэдэхгүй юм. Харин Монгол Улсын тэрбумтнуудын нэг гэдгийг бултаараа гадарлана. Улстөрчийн хувьд бол ид эр бяр нь жигдэрч яваа идэрхэн аварга. Сурч боловсорсон байдал, улс төрд явсан замнал гээд түүнд дутах юм алга. Гагцхүү тэнгэрийн ододтой дүйх их хөрөнгийг хаанаас ямар замаар бий болгосон гэх хардлага сүүлийн 20 жил лавтай өрнөж байна. Энэ тал дээр баримт гаргаж тавиад байр сууриа илэрхийлээгүйг бодоход тэр хөрөнгө будилааны замаар салаалсан байж болох талтай.

Энэ утгаараа дурдавч барахгүй зузаан намтартай хүн учраас хөрөнгийг нь тоолох гэж зүдрээд яах юм. Зөнд нь орхисон дээр. Монгол Улсын нэртэй эдийн засагчид, хууль хүчнийхэн нарийн тоо гаргаж чадахгүй байхад мань мэт нь ёстой илүүц хэрэг. Гагцхүү улс төрд орж ирсэн намтар бол нэн сонирхол татах хийгээд өвөрмөц. Тэрээр 2004 оны сонгуульд нэр дэвшихийн өмнө “Дамдины Сүхбаатарын Батболд” хэмээх дүрийг босгосон нь анхны сонгуулийн  гарааг амжилттай эхлүүлсэн. Зөвхөн үүгээр зогсохгүй дүр дагасан намтар бол янзын уншигдана. Сонгогчдын санаанд үүрд үлдэхээр.

Арга ч үгүй, 1921 оноос хойш тарни мэт цээжилж ирсэн жанжин Д.Сүхбаатар, түүнийг тойрсон намтар, домог мэт яриа хөөрөө монголчуудын ой санамжид нэвт шингэж үлдсэн зүйл. Жанжны эцэг Дамдин ядуу, дээлээ өнгөлөх бэлгүй учраас “Цагаан дээлт”, “Хөдсөн дээлт” гэх мэтээр нэрлэж ирсэн гээд намтар эхэлнэ. Өнөөдөр ч энэ түүх халуун бүлээнээрээ монголчуудын сэтгэл зүрхэнд оршиж, жанжинаар овоглосон талбай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт цэлийж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболдын ээжийг бас Ц.Янжин гэнэ. Хүний гавьяат эмч ээжийнх нь нэр жанжин Д.Сүхбаатарын эхнэр Янжмаатай утга ижилсэнэ. Сү өөрөө жанжин Д.Сүхбаатарын үүсгэн байгуулсан МАН-ын гишүүн, намынхаа нэр дээрээс өрсөлдөж байгаа гэх зэрэг чимэглэсэн намтар нь түүнийг сонгуульд түшсэн гэдэгтэй маргах хэрэггүй. Хувь заяаны төөрөг, хүний амьдралын алаг цоорхойд адил нэртэй, зүс нэгтэй хүмүүс алийг тэр гэх билээ. Ийм л хувь заяаны төөрөг дээр Сү.Батболд сонгуулийнхаа менежментийг анх хийсэн нь маш үр дүнтэй болсон. Одоо түүнд энэ мэт элэрч хоцорсон технологи хэрэггүй. Дахин дахин “Хөдсөн дээлт”-ийн намтар ярьж хөгөө хөлдөө чирэхээргүй их хөрөнгө, нэр төр олсон хүн. Гэхдээ тэр “Хөдсөн дээлт”-ийнхээ намтрыг хэрхэн мартах билээ. Тэгэхээр энэхүү хоцрогдсон дурсамжийг хойш тавих нь зүйн хэрэг байх аа.  

Ерээд оноос бизнесийн салбарт хүчтэй орон зай бүрдүүлэн ажиллаж байсан нөхрийн хэтэвчний хэмжээ томрохын хэрээр улс төр сонирхох болсон хэрэг. Манай ихэнх улстөрчдийн замнал өөрөө ийм. Ямар нэг замаар хөрөнгөжих, хэтэвчний хэмжээнээс хамааран улс төр рүү орох жишиг нэгэнт тогтсон. Өнөөдрийн парламент гэхэд 90 гаруй хувь нь ил далд бизнесийн салбараас орж ирсэн нөхөд байх жишээтэй. Мөнгөөр хэмжих Монголын улс төрд өөр хэн ч орж чадах билээ. Сү.Батболд энэ л цагийн салхи дагаж тухайн үедээ “хаан”-аар өргөмжлүүлэхдээ тулж байсан Н.Энхбаярт өргөл барьсан болов уу. Ямартай ч Н.Энхбаяр хөтөлж Гадаад харилцааны дэд сайдаар томилуулсан гэдэг. Гадаад харилцааны дэд сайд болоход түүнд харшлах зүйл байхгүй. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн дарга болж байсан ажлын дадлага туршлагтайгаас гадна өндөр боловсролтой хүн. Үүнээс гадна Лондоны Бизнесийн их сургууль, Москвагийн Дипломатын академийг төгссөн гэхээр яах аргагүй энэ албаны өндөр боловсролтнуудын тэргүүнд бичигдэнэ. Хамгийн гол нь тэр 1992 онд “Алтай трейдинг” компанийг байгуулан ажиллаж, 2000 он гэхэд хаа ч хэнтэй ч нүүр тулахад бэлэн хөрөнгөтний нэг болсон учраас Н.Энхбаяртай хөөрөг зөрүүлсэн хэрэг. Түүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж энэ тэр арга ядсангүй. Бидний сайн мэдэх “Чингис” зочид буудал, “Скай” шоппинг центэр”, “Алтай кашемир”, И март-ыг байгуулсан, “Бороо гоулд”, “Скайтел”, “Энержи ресурс”-ын хувьцаа эзэмшдэг гээд дурдахад л хангалттай. Одоо олны хэл аманд ороод байгаа Эрдэнэс Тавантолгой анх түүнийх байсан гээд бод. Харин сүүлд Н.Энхбаяраа гудамжинд гарахад нөлөөлсөн хүмүүсийн нэгээр нэрлэгдэх болсон. Тэгэх ч учиртай. Тухайн үед тэр МАН-ын намын даргаар ажиллаж байсан. Ийнхүү намаа удирдан, 2012 оны УИХ-ын сонгуульд орж ялагдал хүлээсэн. Н.Энхбаяртай эсрэг харсан учраас тэр шүү дээ.

Тэгэхээр он цагийг урагшлуулж харъя. Нэгэнт Гадаад харилцааны дэд сайдаар их улс төрд хөл тавьсан С.Батболд 2004 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт өрсөлдөн парламентад анх орж ирэв. Дээр дурдсан шинэ цагийн “Хөдсөн дээлт”-ийн намтар эндээс л эхтэй. Ингэхдээ зүгээр ч нэг сул гишүүн байхыг хүссэнгүй. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газарт Үйлдвэр, худалдааны сайдаар томилогдон ажиллаж байв. Үүнээс харахад бэл хөрөнгөнөөс гадна хэнтэй ч эв зүйгээ олчихдог гэдэг нь харагдана. Тэгээд ч их хөрөнгө хүнийг байнга л түшиж явдаг зүйл биз дээ. “Баян хүн гурван төрд нүүртэй” ч гэдэг. Тэр Н.Энхбаярын Засгийн газарт дэд сайдаар ажилласан бол Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Үйлдвэр худалдааны сайдаар, С.Баярын Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар тус тус ажиллав. Сүүлдээ бүр С.Баяраас Ерөнхий сайдын суудлыг уламжлан өндөр авсан хүн. Яах аргагүй гурван төрд нүүртэй гэдгээ харуулсан. Харин 2012 оны сонгуульд нам нь ялагдал хүлээсэн цагаас хойш мань эрийн улс төрийн карьер нам зогссон ч хөрөнгө мөнгө нь бол өсөөд байгаа бололтой юм билээ.

Тэр бараг арваад жил өндөр эрх мэдлийн гадна, сул гишүүн явлаа. Тэгэхээр одоо эв нь таарвал ямар нэг суудал авах тухай бодол түүнд байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Урьд өмнө салбарын сайд, дэд сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ахиад салбарын сайдын суудалд ноцолтой биш өөр том санаа байгааг ч нуух хэрэггүй. Хэрвээ МАН дотор үймээн дэгдлээ гэхэд яах аргагүй намын даргын суудалд мяраах хамгийн боломжит дүр бол Сү.Батболд. Хурааж цуглуулсан хөрөнгөөс нь харвал УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн суудалд л гэтнэ үү гэхээс салбарын сайд энэ тэр бол дэндүү жижигдэх аж. Өнгөрөгч өвлөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор хөрөнгө ил болж байхад түүнтэй дөрөө харшуулан Сү.Батбоддын нууц хөрөнгийг ч ухаад эхэлжээ. Энэ нь магадгүй Х.Баттулгын сөрөг мэдээллээ дарах гэсэн арга ч байж болох юм. Жирийн бидний сонсож байгаагаар бол тэр ихээхэн хэмжээний нууц хөрөнгөтэй нэгэн бөгөөд парламентад бус өөр газарт байх ёстой гэж хэлж болохоор. Гэтэл түүнд Монгол Улсын хууль хүчний байгууллагаас ямар нэгэн ял шийтгэл өгөөгүй байгааг харахад тэр нь худлаа мэдээлэл байх. Эсвэл тэр аль ч салбарт нөлөө бүхий хөрөнгөтөн учраас яаж ч чадахгүй байна гэх хардлага бий. Одоо бол тэр МАН-д хоймор эзлэх цөөн хөрөнгөтний нэг бөгөөд зангарагаараа ч хатавч хаяа бараадах нэгэн биш болсон. Тиймдээ ч МАН дотоодод асуудал дэгдэж, түүнийг Сүхбаатар дүүргээс нь холдуулан, Дундговь, Говьсүмбэр аймгийн нэгтгэсэн тойрог руу шидсэн. Гэвч тэр тус тойрогт босоо байсан Б.Наранхүүг цэвэр ялчихаад ирсэн. Ингэхдээ МАН-аас хамтран нэр дэвшсэн Г.Мөнхцэцэгтэй сугадалцаад парламентад ирсэн хүн. Үүнийг л зангараг гэнэ. Нөгөө талаар Сү.Батболд Монгол Улсын хаанаас ч нэр дэвшсэн дэмжигчидтэй юм гэдгээ ч давхар нотлон харуулсан, хөрөнгөтэй гэдгээ ч харуулсан. Өөрөөр хэлбэл түүний санааны мухарт байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээнд өөрийгөө тодруулж, хөрөнгөө зузаалсан гэдэг нь үүгээр батлагдана. Түүний хөрөнгийг тоолсноос тэнгэрийн оддыг тоолох нь илүү амар гэсэн егөө зүгээр ч нэг гараагүй байж таарна. Өгч байгаа мэдээллээс харахад түүний хөрөнгө Монгол Улсаас, бүр Ази тивээс хальсан бололтой юм. Дэлхийн олон орноор явж Сү.Батболд гэх хүний хөрөнгийг шүүж хараагүй ч энэ тухай санаанд багтамгүй мэдээлэл хөвөрсөөр байна. Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат “С.Батболдын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байгаа” гэх ярилцлага өгч байхад би итгэхгүй яах юм. Прокурор л тэгэж хэлсэн. 

Үүнийг дагалдсан хамгийн сүүлийн үеийн мэдээлэл сөхөхөд С.Батболдын Хонконгд 7.6 сая, 5.1 сая ам.долларын өртөг бүхий Дуплекс загварын хоёр байр, ОХУ-д Арбатын гудамжинд 2.1 сая ам.долларын өртөгтэй байр, Тайландад таван сая, 1.8 сая ам.долларын өртөгтэй хоёр байр, Лондонд 13 сая, 2.4 сая ам.долларын үнэ бүхий хоёр орон сууц байгаа бол АНУ-д 9.9 сая, 3.2 сая, 1.5 сая ам.долларын өртөг бүхий гурван орон сууц байгааг дурдсан байдаг. Эдгээр нь нийлээд 57.1 сая ам.доллар буюу 159.8 тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө юм. Үүнийг дурдахад л хангалттай. Түүний хөрөнгөлөг охин Б.Бадамханд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Англид сурч байгаад нь атаархсан, даапаалсан аль нь болохгүй зүйлийг цахимдаа оруулснаар олны шүүмжлэл түүнд чиглэсэн. Бор зүрхээрээ Англид суралцах, аавын босгосон хөрөнгөнөөс Англид суралцахын хооронд асар их ялгаа бий. Үзэж туулсан амьдралаас эхлээд өөр өнцөг харагдана. Зөвхөн эндээс харахад л бид мэт нь бүү хэл өөрөө ч хөрөнгөө тоолох аргагүй болсон аж.