Ийм яриа төрийн ордонд өрнөж байна. Төрийн ордны хоёр давхарын баруун жигүүрт нэг л хүн хөмсөгөө зангидаж, ширээ шааж яваа гэх. Тэр нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга “давхар” дээлтэй Д.Амарбаясгалан аж. УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан “Нүүрсний хулгай”-н асуудлыг хянан шалгах түр хороо гараан дээрээсээ хөдөлж чадалгүй бүдэрсэн бол Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан ажлын хэсэг байгуулах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Ажлын хэсгийнхэн  хаврын чуулгандаа багтааж “Нүүрсний хулгай”-н сонсголыг явуулах талаар чих дэлсэж байна.

Наадам дөхсөн, хүмүүсийн анхаарал суларсан үед сонсгол явуулсан нэрээр “гурилдаад” өнгөрөх вий гэх хардлага бий. Наадам дөхсөн өдрүүдэд сонсгол хийсэн болоод эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй өнгөрүүлж чадах л улс. Нүүрсний асуудлыг ухах бүрд МАН-ынханы нүүрстэй зууралдсан халтар гар ил гарсаар байна.

Товчхондоо Х.Нямбаатар нүүрсний галаар наадна. Хэнийг шарж, хэнийг татаж гаргахаа тэр мэднэ гэсэн үг. МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хуулийн сайд Х.Нямбаатар нар түнжин хагараад найман жил болж байгаа. Н.Номтойбаяр НАМЗХ-ны тэргүүн байхдаа хаа байсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар гэж хэн ч танихгүй нөхрийг НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр томилсон нь Д.Амарбаясгалан нарын НИТХ-ынханд огт таалагдаагүй. Х.Нямбаатарыг дэд ерөнхийлөгчөөс буулгахаар хөөцөлдөж байсан удаатай. Тэр цаг үеэс л тэдний хагарал эхэлсэн. Одоо ч тэдний хагарал үргэлжилсээр байдгийг намынхан нь хэлдэг.

Өнгөрөгч оны намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэс таван толгойн нүүрстэй холбооой асуудлыг хөндөж, судалж, шалгах цаг болсон байна. Тэнд хулгай луйвар, албан тушаал, ашиг сонирхол нэвт шингэсэн байгаа талаар Засгийн газар дээр ярихад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй танхимын сайд нарынх нь тал нь бараг эсэргүүцсэн байдаг. Ингэж л засаг дотроо нүүрсэнд хутгалдсан хүмүүс эхнээсээ тодорч эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэргийг задалж, ил болгоно гэхэд нүүрсний хулгайтайгаа байя гэсэн хүн Д.Амарбаясгалан болон тэдний хүрээллийнхэн. Тиймээс алдах юмтай хүн нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар бус Д.Амарбаясгалан нарын бүлэглэл болж байгаа юм.

Нүүрсний хэргийг шалгаж буйтай холбогдуулан МАН-ын генсек Д.Амарбаясгаланг шалгаж эхэлсэн, “Но”-той зүйлс гарсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан нь оргүй зүйл биш. Тиймээс нүүрсний хулгайн асуудлаарх Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсэг Д.Амарбаясгалангийн гарт бөмбөг атгуулчихсан. Түүний ойр дотны гэх хүмүүс нүүрсний хэрэгт холбогдон шалгуулж, заримынх нь хэрэг боогдсон гэх мэдээлэл бий. Ойр дотны хүмүүсээрээ дамжуулан ЗГХЭГ-ын дарга ч өөрөө маш хүнд байдалд орсон талаар намынхан нь нууж биш ил ярих болсон.

Ер нь айх зүйлтэй, барьцаанд орсон хүн л дэвхцэж цамнахгүй бол шуудайтай нүүрс усны тэргээр зөөж өвөлдөө хэрэглэдэг бид юундаа цамнах билээ. Хэдэн жилийн өмнө зангидсан Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын өс нүүрсний хэрэг дээр боогдох бололтой.

Нүүрсний хулгайн асуудлыг дахин сөхөх Х.Нямбаатараар ахлуулсан шинэ ажлын хэсэг МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд огт таалагдахгүй байгаа нь өөрт нь хамаатай болохоос шударга үнэнийг хүсэж буй ард түмэнд огт хамаагүй шүү.

Э.БОЛД

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу