Нийгэм даяар асуудалд гарц хайж олон талд мэтгэлцсэн байдал цахим орчинд түгээмэл байна. Тэгвэл энэ чимээ шуугианы цаана хүүхэд залуучууд боловсорч, дараагийн нийгэм ямар байхад бүх мэдлэгээ зориулан хичээж явна. Эдгээр шинэ үеийнхний нэг бол О.Сумъяабазар. 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Шинэ сэргэлт-Шинэ мянган сургалтын “Шилдэг суралцагч” тэтгэлгийн эзэн Программ хангамж 3-р курсийн оюутан О.Сумъяабазарыг урьж ярилцлаа.

Өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа, одоог хүртэл баярласан хэвээрээ явна. Миний хувьд маш сайхан үйл явдал байлаа.

Тэнцсэн гэдэг хариугаа авах үеийн сэтгэгдэл хэр байсан бэ?

-Миний оролцсон “шилдэг суралцагч” төрөлд 400 гаруй оюутан материалаа өгсөн байсан. Тэндээс 210 гаруй нь эсээний шатанд үлдсэн. Хоёрдох шатандаа үлдээд таван шүүгчийн өмнө илтгэлээ танилцуулах нь хамгийн хүнд даваа байсан. Хамт оролцож байсан оюутнуудын бэлтгэлийн байдал, биеийн хэлэмж, бэлдсэн материал зэргийг хараад бараг л тэнцэхгүй байх гэж анх бодож байлаа. Тэр бага хэмжээний айдсаасаа өөрийгөө салгаж, зоригжуулаад бэлтгэлээ үргэлжлүүлсэн дээ. Танхимын хаалгаар илтгэлээ унших гээд ороход үнэхээр их сандарсан. Бараг л ярих зүйлээ мартах шахсан. Мэдээж урдаа тавьсан зорилгоо санахад хүн тайвширч зоригтой болдог юм билээ.

Тэр өдрөөс хойш арав гаруй хоногийн дараа хариу ирсэн л дээ. Яг хариу утсанд ирэхэд уйлчихмаар болоод ирсэн. Эргэн тойрон хүн байна уу гэж хараад л, дотроосоо баярлаад л байсан.

Илтгэлээ танилцуулж байх үед өмнөх түвшний өөртэйгөө өөрийгөө харьцуулж байв уу?

-Өмнө нь бас хоёр ч тэтгэлэгт өрсөлдөж байсан. Тэтгэлэг гэдэг өөрөө тухайн суралцагчийг маш их чадавхжуулдаг гэж ойлгодог. Өмнө нь миний эсээ бичих чадвар тун тааруу байсан. Мэдээж интернэт гэх мэт эх сурвалжууд ашиглаад бичиж эхэлсэн л дээ. Сэдэв маань сонирхолтой байсан учраас үргэлжлүүлж бичих, судлах нь сонирхолтой байсан. Өөртөө “чадах юм биш үү” гэж хэлсэн. Үүний үр дүнд өмнөх өөрөөсөө нэг хоёр шатаар урагшилсан гэж бодож байгаа.

Ямар мэргэжлээр сурдаг вэ? цаашдын зорилгоосоо хуваалцаач.

-Программ хангамжийн чиглэлээр сурдаг. Монголд төдийгүй дэлхийд эрэлттэй мэргэжил. Өөрөө дуртай учраас зөв мэргэжлээ сонгосон гэж боддог. Цаашид мэргэжлээ нарийсгаж хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж, робот бүтээнэ гэж боддог. Бас гадаадад сурч чадвараа дээшлүүлж ирээд эх орондоо үр ашгийг нь гаргана гэж боддог. Залуучууд гадаадад л сайхан бүхэн байгаа юм шиг ярьдаг. Гэвч эх орноо тэд нараас илүү гоё болгох нь бидний үүрэг. Өрсөлдөхүйц технологийг бий болгоод Монголчуудыг дэлхийд өрсөлдөхүйц цахимжуулах зорилго тавьж байгаа

Өөрийнхөө үеийн залуусын суралцах арга барилын тухайд юу гэж боддог вэ?

-Z үеийнхэн бол их уйдамтгай гэж тодорхойлоод байдаг. Энэ ч бас нөлөөлдөг. Цар тахлын үед цахим хичээл орж байхад их удаан санагддаг байсан. Манай үеийнхэн хурдтай, сонирхолтой байхад дуртай. Зарим бичлэгийг би жишээ нь хурдыг нь 0.5-аар хурдасгаж байгаад үздэг. Тодорхой зүйлийн үр өгөөж нь ч тодорхой байдаг. Ингэж завгүй хурдтай байснаар хүсэл тэмүүлэл унтрахгүйгээр эрч хүчтэй байна гэж боддог. 

Чиний нүдээр нийгэм маань ерөнхийдөө ямар харагдаж байна вэ?

-Яг одоогийн байгаа байдлын буруутан нь улс төрийнхөн гэхээсээ илүү бид нар өөрсдөө ч юм шиг санагддаг. Шулуухан хэлэхэд тийм. Хийж бүтээх, зорилго зорилтоо хэрэгжүүлэх хүмүүс нь бид нар өөрсдөө. Цахим орчинд тэр тусмаа маш их хэрэггүй цагийг өнгөрөөж байна. Зах дээр явж байхад бүх худалдагчид утсаа ухаад л сууж байдаг. Хальт харахаар фэйсбүүк л орж байдаг. Тэр цагийг алдаж байхаар ашиглаад л байвал хөгжих ойрхон гэж боддог. Өрсөлдөх, урагшлах гэдгийг өмсөж байгаа хувцас, унаж байгаа машинаар дүгнэх биш чадвартай болоход залуучууд маань анхаардаг болсон. 

Боловсролын салбарын заах арга барил хэр үр дүнтэй санагддаг вэ? Эцэг эхчүүд маань ч мөн хүүхдүүдээ зөв аргаар хүмүүжүүлж чадаж байна уу?

-Яагаад физик гэдэг зүйлийг сурах ёстой юм бэ? гэдэг зүйлийг тайлбарлаж өгдөггүй юм шиг санагддаг. Цаад үндсэн шалтгааныг нь тайлбарлаад, цаашид судлах сонирхлыг нь татаад өгчихвөл хүүхдийн анхаарал төвлөрч хичээж эхэлдэг байх. Жишээ нь би бага ангидаа англи хэлний хичээлд их муу байсан. Шалгалт өгөхөд асуултыг нь бичсээр байгаад л цаг дуусдаг байсан. Гэтэл зусланд явж байсан 8 настай хүүхэд чөлөөтэй хятадаар ярьж байсан. Тэр бол чадвар, өрсөлдөөнд хэрэгтэй зүйл. Тэрийгээ ойлгосноос хойш би англи хэлээ тасралтгүй бэлдэж өөрийнхөө түвшинд суралцсан.

Чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөж байна, манай хот хэр орчин сайтай гэж боддог вэ?

-Айхтар бүрдүүлчихсэн юм бол байхгүй, бас оргүй хоосон ч биш гэж боддог. Хотод маань зөндөө кофе шоп байна, номын сангууд байна. Гэртээ бол бүрэн төвлөрөөд хичээллэж чаддаггүй. Тиймээс ихэвчлэн гадуур номын санд суудаг. Үеийнхэн маань ч аль сонирхолтой, хүртээмжтэй тайван газрыг эрж хайдаг болсон.

Бүх насныханд асуудал байдаг. Одоогийн залууст яг юу бэрхшээл болоод байгаа юм бэ?

-Явж явж мөнгө л бэрхшээл болдог. Гайгүй сурч байсан хүүхэд давхар ажил хийдэг, эсвэл амьдралынхаа шаардлагыг тооцоод сурах аа больчихдог. Нэг өдөр барилга дээр ажиллаад 50 мянган  төгрөг авах чухал байж болно. Эсвэл асуудлуудаа жаахан өөрөөр хараад, сонирхлоороо боловсроод, чадах чинээгээрээ асуудлаа шийдээд чадвартай боловсон хүчин болоход цагаа зарцуулчихвал ирээдүйд маш их  үнэ цэнтэй байх болно. Бүх насаараа мөнгө хураах гэсэн бодолтой явах нь эмгэнэлтэй зүйл. Дараагийн үеэ ч тийм байлгахгүйн тулд өөрчлөх хэрэгтэй. Хамтдаа дэвшээд, сайжраад, суралцаад явбал ирээдүйг өөрчлөх бүрэн боломжтой гэж хардаг.

Ирээдүй гэдгийг юу гэж хардаг вэ? Үеийнхэндээ хандаж зөвлөгөө хэлэхэд?

Ах эгч нар хэлдэг байсан. Та нар л “Монголын ирээдүй шүү” гэж хэлдэг байсан. Гэтэл оюутан болоод ороод ирсэн чинь манай ангийн 70 хувь нь мэргэжлээ хүсэж сонгоогүй байсан. Сонирхолгүй болохоор бүх зүйлээс үнэхээр хоцорч байгаа нь харагдаж байсан. Монголын ирээдүй нь мэргэжлээ ч өөрийнхөөрөө, хүссэнээрээ сонгохгүй яваад байна шүү дээ гэж бодсон. Өнгөрсөн жилүүдийн нийгмийг бид бүтээгээгүй. Харин дараагийн ирээдүйг, нийгмийг бид нар бүтээнэ. Тэгэхээр зөвлөгөө ч юу байхав, гуйх зүйл байгаа юм. Мэргэжилдээ биш юмаа гэхэд хийж байгаа зүйлдээ дуртай болъё. Сайн суралцъя. Бүхэл бүтэн улс орноо бид нар цааш авч явна. Жинхэнээсээ хэдүүлээ чадвартай боловсон хүчин болчихъё л доо. Бид нар чадна. Улс орноо хөгжүүлнэ гэдэг итгэл үнэмшлээ олж авъя. Хамтдаа хичээцгээе л гэж хүсэж байна.

Эцэст нь гэр бүлийнхэндээ, багш даа талархлын үг хэлж болно шүү.

-Тэгэлгүй яахав.Энэ амжилтад би ганцаараа хүрээгүй. Бүх зүйл дээр миний төлөө байсан багш нартаа маш их баярлалаа. 71-р сургуулийн багш Цэвэлмаа болон Гантуяа багшдаа маш их талархаж явдаг шүү. Их сургуулийн анги хамт олон, багш нартаа ч мөн баярлалаа гэж хэлье.

Мөн гэр бүлийнхэндээ хайртай шүү гэж хэлье. Манай гэрийнхэн үргэлж миний талд байдаг. Өөрийнхөөрөө бай, дуртай зүйлээ хий гэж үргэлж дэмжиж байдаг нь олон амжилтын минь үндэс байсан шүү. Үргэлж хичээх болно оо.

Баярлалаа.

А.Сайханбаяр

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу