MEC судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн зургадугаар сарын дүн гарчээ. Уг судалгааг зургадугаар сарын 9-16-ний өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар 1,002 хүнтэй утсаар холбогдож, авсан байна.

Судалгааг өмнөх сарынхтай харьцуулахад Ерөнхийлөгч, парламентын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ хэвээр байна. Харин Ерөнхий сайд, Хотын даргын нэр хүнд өсжээ.

Улс төрчдөд өгсөн иргэдийн үнэлгээг тус бүрээр нь хүргэе.

АЙЛЧЛАЛЫН НӨЛӨӨГӨӨР ӨССӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ХҮНД ХЭВЭЭР БАЙНА 

Польш, Францын Ерөнхийлөгчид Монгол Улсад айлчилсантай холбогдуулан иргэдийн Ерөнхийлөгчид өгөх үнэлгээ өсөж, он гарснаас хойших хамгийн өндөр үнэлгээг авсан талаар өмнөх сард дурдсан. Тэгвэл энэ удаад иргэдийн үнэлэмж буураагүй, ерөнхийлөгчийн нэр хүнд хэвээр үлджээ.

Тодруулбал, Түүний үйл ажиллагааг иргэд 0-10-ын хооронд үнэлэхдээ 6 оноо өгсөн байна.

Ингэхдээ, судалгаанд оролцогчдын 19 хувь нь “ажилч, хичээнгүй”, 17 хувь нь “Шударга”, 15 хувь нь “Монгол Улсын гадаад харилцаанд анхаарч байгаа”, 14 хувь нь “Шийдэмгий, зоригтой” гэжээ.

НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНК, САНГУУДЫН ЗЭЭЛТЭЙ ГИШҮҮД НЬ ХОЛБОГДСОНЫ УЛМААС ИРГЭД УИХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МУУ ДҮН ТАВЬСААР БАЙНА

Парламентын үйл ажиллагаанд иргэд бухимдах нь их. Үр дүнтэй шийдвэр гаргадаггүй, Боловсролын зээлийн сангаас зээл авсан, нүүрсний хулгайтай холбогдсон, Хөгжлийн банкийг дээрэмдсэн гэх мэтээр үргэлж сөрөг сэтгэгдэл хэлдэг. Харин үйл ажиллагааг нь сайшаах нь тун ховор. Өнгөрсөн сард гэхэд л сөрөг биш гэж болохуйц ганц сэтгэгдэл нь “Байж л байгаа” гэж байв. Тэгвэл энэ удаад иргэдээс авсан үнэлгээ нь хэвээр байгаа ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг нь судалгаанд оролцогчдын 7 хувь нь сайшаажээ. 

Тодруулбал, Парламентын үйл ажиллагааг иргэд 0-10-ын хооронд үнэлэхдээ өмнөх сарынхтай адил 3.1 оноо өгсөн байна.

Ингэхдээ, судалгаанд оролцогчдын 14 хувь нь “байж л байгаа”, 7 хувь нь “Үндсэн хууль өөрчилсөн” гэжээ.

Харин 34 хувь нь “Үр дүнтэй шийдвэр байхгүй”, 19 хувь нь “Үнийн өсөлт”, 16 хувь нь “Нүүрсний хулгайтай холбогдсон”, 15 хувь нь “Боловсролын зээлийн сангаас өөрсдөө, хүүхдүүд нь зээл авсан”, 14 хувь нь “Хөгжлийн банк дээрэмдсэн”, 8 хувь нь “Хэрүүл хийхээс өөр зүйл хийхгүй байна” хэмээн тэмдэглэсэн байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОСНООР ЕРӨНХИЙ САЙДЫН НЭР ХҮНД ӨСЖЭЭ 

Ерөнхий сайдын нэр хүнд өнгөрсөн сарынхаас өсжээ. Тодруулбал, Тавдугаар сард иргэд түүний үйл ажиллагааг 0-10 хооронд үнэлэхдээ 6,7 оноо өгч байсан бол энэ сард 6,8 оноогоор дүн тавьжээ.

Ингэхдээ судалгаанд оролцогчдын 20 хувь нь “Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа”, 18 хувь нь “Авлигатай тэмцэж байгаа”, 17 хувь нь “Боловсролын зээлийн сангийн хулгайг ил болгосон”, 13 хувь нь “Хөгжлийн банкны хулгайтай тэмцэж байгаа” гэх зэргээр үнэлсэн байна. 

Үүнээс дүгнэхэд, сангуудын мэдээллийг ил болгож буй нь Ерөнхий сайдын нэр хүндийг нэмэгдүүлж, энэ хэрээр УИХ-ын гишүүдийн холбогдсон хэргүүд илэрч, улмаар парламентын нэр хүнд унаж байна.

ИРГЭД ХОТ ТОХИЖИЛТ САЙЖИРЧ БАЙНА ХЭМЭЭН ҮЗЭЖ, ХОТЫН ДАРГЫН НЭР ХҮНД ӨСЖЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ өмнөх сараас 0,2 хувиар нэмэгджээ. Энэ нь хот тохижилттой холбоотой аж. 

Тодруулбал, Тэрбээр судалгаанд оролцогчид түүний үйл ажиллагаанд 0-10 хооронд үнэлэхдээ өмнөх 3.3 оноо өгсөн байна. Ингэхдээ 12 хувь нь “Ажлаа хийж л байгаа”, 11 хувь нь “Хот тохижилт сайжирсан”, 10 хувь нь “Газар чөлөөлөлт хийж байгаа” гэжээ. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛС ТӨРЧДИЙН ЖАГСААЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Иргэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг нэрлэхдээ өмнөх сартай яг адил жагсаажээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсаалтын эхэнд байгаа бол УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ны сайд.Энх-Амгалан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар дараа нь бичигджээ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГГҮЙ УЛС ТӨРЧӨӨР ЧИНБАТЫН НОМИНГ НЭРЛЭЖЭЭ

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтыг өмнөх сарынхтай харьцуулахад нэг эрхэм нэмэгджээ. Тэр нь Соёлын сайд Чинбатын Номин. Тэрбээр сүүлийн үед иргэдийн шүүмжлэлд ихээхэн өртөж буй. Учир нь тавдугаар сарын сүүлээр соёлын салбарын уран бүтээлчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан жагсаж, “яаралтай цалин нэмэхгүй бол наадмаар өөрөө дуулж, бүжиглээрэй” гэж хэлүүлээд амжсан. Улмаар соёлын салбарын төрийн албан хаагчдын цалинг боловсролын салбарынхтай дүйцүүлэхээр болж, энэ асуудал дарагдсан ч төд удалгүй аав Л.Чинбатынх нь машинаараа малчдыг хөөж буй бичлэг цацагдсан. Тиймээс түүний нэр хүнд ийн унаж, иргэд үйл ажиллагаа нь таалагдахгүй байна гэжээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу