Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон 80 хүний шүүх хурал Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд 64 хоног хуралдан завсарлаад байна. Ирэх даваа гарагт шүүх бүрэлдэхүүн ялын тогтоол танилцуулахаар болсон. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 83 хүнийг шалгаж байсан ч гурав нь “шүүрүүлж” хэсгээ тусгаарлуулсан. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэрэг ямар шатандаа яваа нь мэдэгдэхгүй таг болов.

Анх АТГ-аас Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Янгугийн Содбаатарын төрсөн ах болох Я.Сод-Эрдэнийг “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй,  УИХ-ын гишүүн асан Наваансамдангийн Ганбямбын хүү Г.Дөлгөөнийг “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй,   Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах  экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байсан. Тэдний нэр холбогдсон компаниуд болон Хөгжлийн банкны мэргэжилтнээс захирал, салбарын сайд асан Н.Батбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гээд бүх хүн шүүхийн тахимд хоёр сар суулаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар л баахан балбуулав. Харин дээрх гурван нөхөр гудамжинд эрх чөлөөтэй алхаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар өөрийн ах Я.Сод-Эрдэнэд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хэргийг нь тусгаарлуулан зугаалуулж байгаа бол Н.Ганбямба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнө матрын нулимс унаган хүүгийнхээ хэргийг тусгаарлуулсан гэх яриа бий. Д.Ринчиндорж нь Г.Дөлгөөний удирдлаган доор ажиллаж байсан тул тусгаарлаж авахгүй бол хөлдөө чирч унах эрсдэлтэй тул ийнхүү гурван хүний хэргийг тусгаарласан нэрээр давуу байдал ч бий болгоод байгаа юм. Бусад 80 хүн нь “бүгд найрамдах” уншуулахад бэлэн болсон байхад хууль хүртэл ингэж ялгавартай хандаж байгаад яллагдаж буй хүмүүс ч дургүй байна.

80 хүний ялын тогтоолтой зэрэгцүүлэн ааваараа, дүүгээрээ хэргээ тусгаарлуулсан Хөгжлийн банкны экс боссууд болох Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн нарын хэргийн явцыг мөн мэдээлэх хэрэгтэй шүү.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу