ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байгаа эгзэгтэй үед “Дарин дээр давс нэмнэ” гэгчээр зургадугаар сарын 23-ны Баасан гарагийн орой “Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин “цэргийн эргэлт” хийхийг оролдов. Цус урсгахад бэлэн байсан түүний хүсэл талаар болж, ямартаа ч ажиглагчдын дүгнэж байсанчлан хойд хөршид асуудал иргэний дайнд хүртэл хурцадсангүй.

Пригожины тэрслэх болсон шалтгаан юунд байв

Пригожин Москва руу цэргээ тулган ирж, шаардлага тавьснаа төрийн эргэлт биш “Шударга ёсны тэмцэл” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Украинд хийж байгаа дайны ажиллагаанд Оросын эрх баригчид анхаарал хандуулахгүй, сум зэвсгийн хангалт муу байгаагаас их хохирол амссан. Үүний хариуцлагыг Батлан хамгаалах яам үүрэх ёстой. Тэдэнтэй хариуцлага тооцох ёстой гэсэн асуудал тавьжээ.

Оросын эрх баригчид Пригожины үйл ажиллагааг “зэвсэгт бослого” гэж үзэж, ОХУ-ын Аюулаас хамгаалах алба “Вагнер”-ын удирдлагыг зэвсэгт бослогод уриалсан хэргээр 20 жилийн ял тулгаж, эрүүгийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байгаагаа мэдэгдэв.

Пригожин “Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн биечлэн өгсөн тушаалаар “Вагнер”-ын хуарангууд руу пуужингаар цохилт өгсөн” гэж мэдэгдсэн ч ОХУ-ын Батлан хамгаалах яам түүнийг үгүйсгэсэн. Тэрбээр “Вагнер”-ын дайчид Украины нутгаас Оросын хилийг давж, Москвагийн цэргийн эсрэг “эцсээ хүртэл” тэмцэхэд бэлэн байна гэж мэдэгдээд, хувийнх нь зэвсэгт хүчнийг эсэргүүцэх биш, харин түүнд нэгдэхийг оросуудад уриалжээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хороо мэдэгдэл хийж, зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Москва, Воронеж, Ростов-на-Дону хотод терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлснийг зарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргав.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам иргэддээ хандан сонор сэрэмжтэй байх, ОХУ-ын Белгород, Брянск, Воронеж, Краснодар, Липецк, Курск, Ростов, Орловск, Свердловск муж, мөн Москва, Санкт-Петербург зэрэг хотууд руу зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг зөвлөсөн.

ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс мэдэгдэл гаргаж, Евгений Пригожины мэдэгдлийг гэмт хэрэг, урвалт гэж тодорхойлоод, түүнийг баривчлах арга хэмжээ авахыг “Вагнер” цэргийн хувийн компани (ЦХК)-ийн хөлсний цэргүүдэд уриалжээ.

Тус мэдэгдэлд “Залруулж болохгүй алдаа гаргалгүй, Оросын ард түмний эсрэг аливаа хүчирхийлэл үйлдэхээ зогсоож, Пригожины эрүүгийн шинжтэй, урвасан тушаалуудыг биелүүлэхгүй байхыг, түүнийг баривчлах арга хэмжээ авахыг ЦХК-ийн дайчдад уриалж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн Пригожины мэдэгдэл үнэн хэрэгтээ ОХУ-ын нутаг дэвсгэрт иргэний зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэх, Оросын цэргүүдийн ар нуруу руу “хутгалах” уриалга” юм. ОХУ-ын Зэвсэгт хүчин цэргийн тусгай ажиллагааны бүсэд байлдааны даалгавраа үргэлжлүүлэн биелүүлж байна” гэж цохон тэмдэглэжээ.

Путин: Эх орон, ард түмний ар нуруунаас цохилт өгсөн урвалт

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Пригожин цэргүүд нь Оросын хоёр хотод цэргийн байгууламжуудыг хяналтдаа авлаа гэж мэдэгдсэний дараа албан ёсоор мэдэгдэл хийв.

Тэрбээр “Вагнер” цэргийн хувийн компанийн зохион байгуулсан зэвсэгт бослогыг “эх орон, ард түмний ар нуруунаас цохилт өгсөн, эх орноосоо урвасан хэрэг” хэмээн онцолж, үүнийг таслан зогсоох чиглэлээр бүхий л арга хэмжээг авч, зэвсэгт бослогод оролцсон бүх хүнийг шийтгэхээ мэдэгдсэн.

Оросын төрийн тэрүүн “Бидэнд тулгараад буй зүйл бол урвалт юм. Хязгааргүй амбиц, хувийн ашиг сонирхол нь эх орноосоо урвахад хүргэв. Эх орон, ард түмэн, “Вагнер”-ын цэрэг, командлагч нартай, бусад анги нэгтгэлтэй мөр зэрэгцэн тулалдаж, амь насаа алдсан нөхдөөсөө урвасан явдал юм” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Өдөөн хатгалга, террорист арга замаар зэвсэгт бослогод бэлтгэсэн, урвасан бүх хүн хуулийн өмнө, ард түмнийхээ өмнө заавал хатуу шийтгэл хүлээх болно” гэж мэдэгджээ.

Оросын удирдагч мөн Донын Ростовт хүнд нөхцөл байдал үүссэнийг хүлээн зөвшөөрч, “Байдлыг тогтворжуулахын тулд шийдвэртэй арга хэмжээ авна. Хотод байдал хүнд хэвээр байна, иргэний болон цэргийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа үндсэндээ хаагдаад байна” гэж хэлжээ.

Тэрбээр үүнтэй төстэй зэвсэгт бослого 1917 онд гарч байсныг дурдаад, “ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд, ОХУ-ын иргэний хувьд эх орноо хамгаалах, Үндсэн хуулийн байгуулал, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалахын тулд бүх зүйлийг хийх болно” гэж мэдэгджээ.

Европын удирдагчид Оросын “дотоодын хэрэг”-ийг ажиглав

Европын орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар Орост болж буй үйл явдлыг ажиглаж, Евгений Пригожины зэвсэгт бослогын талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэнгүй.

Германы Канцлер Олаф Шольц “Берлин Орост өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн бол Францын засгийн газрын албаны хүмүүс Елисейн ордонд “Ерөнхийлөгч нөхцөл байдлыг маш анхааралтай ажиглаж байна. Бид Украинд дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулсаар байна” гэжээ.

Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони нар “Вагнер”-тай холбоотой нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж хэлсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Засгийн газар үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Лондон Оросын нөхцөл байдлын талаар холбоотнуудтайгаа ярилцана” гэж мэдэгдсэн бол Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель Орост болж буй үйл явдлыг тус улсын “дотоод хэрэг” гэж мэдэгдээд, Европын Холбооны орнууд, “Долоогийн бүлэг”-ийн удирдагчидтай Орост үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцаж буйгаа мэдэгджээ.

“Financial Times” сонинд “НАТО мөн нөхцөл байдлыг ажиглаж байна” гэж тэмдэглэсэн байна. Харин Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Евгений Пригожины бослогыг “Оросын иргэний дайны эхлэл” гэж нэрлэжээ.

Лукашенкогийн тусламж ба Пригожины ухралт

Владимир Путин Пригожины бослоготой холбогдуулан Казахстан, Узбекистан, Беларусийн удирдагчидтай утсаар ярив. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, В.Путин тэдэнд Оросын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна. “Касым-Жомарт Токаев Орост болж буй үйл явдлыг тус улсын дотоодын хэрэг гэж онцлон тэмдэглэжээ.

Оросын эрх баригчид, тус улсын Ростов хотыг хяналтдаа авч, Москва хотоос 200 км-ын зайд тулж ирсэн “Вагнер” хувийн зэвсэгт хүчинтэй Беларусийн Ерөнхийлөгчийн зуучлалаар тохиролцоонд хүрэв. Энэ дагуу Евгений Пригожинд тулгасан зэвсэгт бослого зохион байгуулсан гэх хэргийг хааж, түүнд ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явах боломж олгосон байна. Ийн Пригожины цэрэг ухарч, тэрбээр Беларусьт шилжин суурьшихаар болжээ.

Пригожин Бямба гарагийн орой Оросын нийслэлээс 200 км зайд хөлсний цэргүүдийнхээ цувааг эргүүлэн татаж, хээрийн хуарангууд руу буцааж байгаагаа гэнэт зарлав. Тэр “Нэг өдрийн дотор бид Москва руу 200 км тулж очсон. Энэ хугацаанд цэргүүдийнхээ нэг ч дусал цусыг урсгаагүй. Одоо цус урсгаж болох мөч ирээд байна, тиймээс аль нэг талд орос цус урсах болно гэсэн бүх хариуцлагыг ухамсарлаж, бид цуваагаа эргүүлэн татаж, төлөвлөгөөний дагуу хээрийн хуарангууд руу буцаж байна” гэж мэдэгджээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Бямба гарагийн орой сэтгүүлчдэд “Пригожинд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгож, тэр өөрөө “Беларусь руу явах болно”. Бослогод оролцсон хөлсний цэргүүдийн цэргийн гавьяаг харгалзан мөрдөж шалгахгүй, цуваанд оролцоогүй зарим цэргийн хувьд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулна” гэж мэдээлсэн байна.

Ростов мужийн захирагч Василий Голубев телеграмм хуудастаа “Вагнер”-ийн цэргүүд Бямба гаригаас Нямд шилжих шөнө Донын Ростов хотын нутаг дэвсгэрээс гарч, хээрийн хуарангууд руугаа хөдөлсөн” гэж мэдээлээд, хотын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ.

Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр, Кремль Пригожины цэргүүдэд ямар нэгэн хариуцлага тооцохгүй байхаар тохирсон бол Москва руу довтолсон ажиллагаанд оролцоогүй “Вагнер”-ын бусад цэргүүд Оросын Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж, удирдлагад нь шилжинэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу