“Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганыг өнөөдөр (2023.06.26) Туушин зочид буудалд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

Энэхүү чуулганд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухааны академи, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний ТӨВ, АШУҮИС болон ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, орчны эрүүл мэндийн салбарын ажилтан, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий 200 гаруй хүн оролцож байна.

Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх хэлэхдээ, “Орчны бохирдлын үнэлгээ судалгааг орон даяар жил бүр хийсээр ирсэн. Бохирдолд хамгийн их нөлөөлсөөр ирсэн нүхэн жорлонгийн асуудлаар нэлээн дорвитой ажлууд эхэлсэн гэж ойлгож болно.

“Жорлон” үндэсний чуулганы хувьд нэрээсээ эхлээд шүүмжлүүлсэн. Гэвч тойруулж, нууж хаалгүй шууд асуудалтай нүүр тулах үүднээс тэгж нэрлэсэн. Чуулган ч өнөөдөр үр дүнгээ эхнээсээ өгч байна. Орон даяар нүхэн жорлонгоос салах ажил эхэлсэн. Гэвч соруулдаг жорлон ч бас шийдэх ёстой олон асуудал дагуулж байна. Жишээ нь, бохир соруулах, соруулсан бохироо шийдвэрлэхэд олон байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ тал дээр бүх тал хамтрах ёстой. Зүгээр л судалгаа хийгээд, тоо гаргаад суугаад байх биш, бүх бололцоогоор хамтарч ажиллах ёстой байна. Монголд зочлох жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх олон ажлын дөнгөж эхнийх нь энэ” хэмээн онцолсон юм. 

“Орчны эрүүл мэнд” үндэсний чуулган орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, сэргийлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хүн амыг аюулгүй усаар найдвартай хангах, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хөрс хог хаягдал, халдваргүйтгэл”-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтангэрэл “Орчны бохирдлын олон эх үүсвэр байгаагийн хамгийн их сөрөг нөлөөлөл үзүүлдэг нь нүхэн жорлон, аюултай хог хаягдал, уул уурхайн нөхөн сэргээлтгүй үйл ажиллагаа гэх мэт байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс нийгмийн бүх төрлийн сүлжээгээр урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэсээр байна.

Бохирдлоос үүдэлтэй маш олон өвчин нийгэмд буурахгүй оршсоор л байна. Үүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд дан ганц эрүүл мэндийн салбар биш, боловсролын салбар, иргэд хамтарч ажиллах шаардлагатай. Бага ангийн боловсролын системд эрүүл мэндийн хичээлийг илүү сайжруулж заах хэрэгтэй байгаа юм” гэв.

Чуулганы эхний өдөр “Хүрээлэн буй орчны чиглэлээр баримталж буй бодлого”, “Барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Уур амьсгалын өөрчлөлт Монголд”, “Орчны эрүүл ахуйн хяналт шалгалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэж байна.

Харин чуулганы хоёр дахь өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, олон улсын болон дотоодын эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнгээс танилцуулж, санал зөвлөмж гарах юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу