Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж буй талаар хотхоны бүтээн барилгын ажлыг хийж буй компаниудын төлөөлөл өнөөдөр (2023.06.26) мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал,  Дорноговь аймгийн Сайншанд хотод Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буйтай холбогдуулан ажилчдын орон сууцны хотхон барьж байгаа ажээ. Гэтэл уг хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга, угсралтын ажил санхүүжилтгүйн улмаас гацжээ. Тиймээс барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн төлөөллүүд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайхан нарт шаардлага хүргүүллээ. 

Энэ талаар барилгын ажил гүйцэтгэж буй компаниудын хуулийн зөвлөх н.Баярбаатар “2019 оны Засгийн газрын тогтоолоор газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихаар болж, төслийг хэрэгжүүлэгчээр нь Монголын газрын тос боловсруулах үйлвэр ТӨХХК ажиллаж байгаа юм.

Гэтэл энэ үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэгээс болоод барилгын ажил гацаж, бид санхүүүжилтээ авч чадахгүй байна. Улмаар цалингаа тавьж чадахгүйд хүрлээ.

Энэ Д.Алтанцэцэг гэдэг хүн улсын эрх ашгийн өмнө хувийн эрх ашгаа тавьж, улсын ажлыг гацааж, удаашруулж, үйлдвэрийг ашиглалтад оруулахгүй байх сонирхолтой.  Улмаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг ташаа мэдээллээр хангаж, барилгын ажлыг зогсоож байна. 

Барилгын ажил удаашралтай байгаатай холбогдуулан 2021 оноос хойш энэ газарт төрийн байгууллагаас хэд хэдэн удаагийн шалгалтыг оруулсан байдаг. Эдгээр шалгалтаар шилэн дансаа хөтөлдөггүй,  их хэмжээний акт тогтоолгосон зэрэг маш олон зөрчил илэрсэн. Зөрчлийг нь арилгуулах шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч үл тоож, одоог хүртэл санхүүжилтээ олгохгүй хэвээр байгаа. 

Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ асуудалд анхаарал хандуулж, 48 цагийн дотор дараах хоёр шаардлагыг биелүүлж өгөхийг хүсье.

Нэгдүгээрт, Төрийн байгууллагуудын шаардлагыг үл тоож, засгийн газрын тогтоол, Шинэ сэргэлтийн бодлогын эсрэг байж, улсын том бүтээн байгуулалтын суурь ажлыг гацааж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэгийг Засгийн газрын шүүр ажиллагаанд оруулж, хариуцлага тооцохыг шаардаж байна.  

Мөн хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд үнийн тохируулга хийж, ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу