Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Гацуурт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт морь, мотоциклтой иргэдийг машинаараа хөөж, мөргөсөн бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Түүний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар тус аймгийн цагдаагийн газраас мэдээлсэн. 

Л.Чинбатад холбогдох хэргийг шалгаж дуусаад, түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

  1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

  1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

  1. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу