Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигын индекс болон бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээлэл өгөв. Тэрбээр “Миний хувьд арванхоёрдугаар сард Транспэрэнсигийн олон улсын авлигын эсрэг хуралд очсон боловч нэг хоноод ирсэн. Бид “Transparency International”-тэй нягт уялдаатай ажиллаж байгаа. Монгол Улс авлигын индексээр яагаад байр ухарсан талаар асуудлыг ярьсан. Үндсэн хоёр асуудал үүнд нөлөөлсөн. Нэгдүгээрт, улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой, хоёрдугаарт, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах гэрийн даалгавар авсан. Мөн олон нийтийн хяналтыг сайжруулах. Орос, Украйны асуудалд Монгол Улс дундын байр суурь илэрхийлсэн нь дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй гэж бодож байна.

Дараагийн асуудал бол Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх Даваа гаригт өгнө. Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн. Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана.

Ерөнхийлөгчийн зүгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан. Миний хувьд энэ хуульд хориг тавихгүй гэсэн кнопыг дарна. Дараагийн нэг зүйл бол сэтгүүлчийг барьж, хорьсон асуудал. Сэтгүүлч н.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа баар, караокед орж, бичлэг хийж сүрдүүлсэн байсан. Тиймээс хувь хүний халдашгүй байдалд халдахгүй байх нь зүйтэй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчийг хорьсон мэт ойлголт өгч байна. Тиймээс энэ асуудлаар НЦГ-аас өнөөдөр мэдээлэл хийнэ.