“IHC” койн худалдан авч, хохирсон гэх иргэд мэдээлэл хийлээ.  

IHC койны хохирогч  “2022 оны 10 дугаар  сараас эхлээд IHC койнд нэгдсэн. Анх хашаа байшингаа зарж, цалингийн зээл хүртэл аваад энэ зах зээлд орж байсан. Гэтэл би одоогийн байдлаар 140 гаруй сая төгрөгөөр хохироод байна. Энэхүү Coinhub бирж дээр байсан койн маань өнгөрсөн сард зургаан сая болтлоо буурсан. Харин энэ нь дахиад хакердуулаад хоёр сая болтлоо унасан учраас цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм. Энэхүү нөхцөл байдлаас харахад 142 сая төгрөгөө хоёр сая төгрөг болгочихоод сууж байна.  

Койн анх гарахад СЗХ болон Цагдаагийн байгууллагаас яагаад сэрэмжлүүлэг хүргэж байгаагүй юм бэ. Миний авсан IHC койныг гаргасан хүмүүс байнга итгэл төрүүлдэг. Би анх 6,8 төгрөг буюу хамгийн өндөр байхад нь койн авсан. 5 болоход нь хүртэл авсан. Унах бүрт нь авдаг.Гэтэл IHC койныг гаргасан О.Мөнхжин өдөр болгон стори хийгээд унахгүй шүү гээд л сонирхол төрүүлээд, итгүүлээд байсан. Тэр болгонд нь итгээд койны ханш нь унаад байсан ч итгэсээр өнөөдрийг хүрлээ. Намайг хэн нэгэн хүчлээгүй. Гурван хүнтэй уулзахад хоёр нь койн аваад мөнгөө алдчихсан гэж байна. Тиймээс цагдаагийн байгууллага үүнийг шалгаж өгөөч гэж хүсье” гэв. 

Мөн IHC койны хохирогч: Миний анх оруулсан мөнгө маань 90 хувийн уналтад ороод байна. Би хашаа байшин, машинаа зарж орж байсан. Одоо бүх зүйлээ алдсан учраас ээж дээрээ очиж цуг амьдарч байгаа. Нийтдээ 30 гаруй сая төгрөгөө алдаад сууж байна. Би хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа хийх гэж байсан. Гэвч “IHC” койн болон “SB” койн худалдаж аваад хохирсон. “SB” койн маань цахим залиланд өртөөд бүх мөнгөө алдсан. Ойр дотны маань хүмүүс аваад эхлэхээр нь дагаад авч байсан.

Мөн автомашинаа зараад хүртэл хохироод үлдсэн. Одоогоор эгчийндээ амьдарч байна. Маш хэцүү л байна. Надтай адил хохирсон олон хүн байгаа гэж бодож байна. Би тэдний л төлөөлөл. Маш их айдастай, дотор харанхуйлж байна. Орон гэргүй болчихсон маань хамгийн аймшигтай санагдаж байна гэв.