Амралтын өдрүүдээр нийслэлчүүд голын эрэг бараадаж салхилах нь элбэг. Ингэхдээ хотын амин судас болсон Туул голыг зорино. Зун цаг эхэлж, эрүүл мэнддээ жаахан ч атугай анхаарахаар агаар салхинд гарахыг хичээдэг нь буруу зүйл биш. Гэвч Хатан Туулын хөвөө хүмүүсийн хөлд дарагдаж, машины зогсоол шахуу болсон дүр зураг сэтгэл эмзэглүүлж байлаа.    Өнгөрсөн Ням гараг (2023.06.25)-т бид Улиастайн нүүр орчимд салхилж буй иргэдийг зорилоо. Хотоос гарах хөдөлгөөн амралтын өдрүүдээр эрс нэмэгдэж, Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэл түгжирчээ. Машин болгоны цонхоор усан буу, үлээдэг хөөс барьсан хүүхэд харагдана.

Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламж хомс байгаа нь нуух зүйл биш ч огт оргүй хоосон биш юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Богд Хан уулын дугуй цагаан амралтын хэсэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, цаашилбал Сэлбэ гол, Шарга морьтын ам, Хандгайт, Санзай, Гачууртын шар хоолойн ам гэхчилэн байгалийн сайхан газар цөөнгүй. Гэлээ ч мөн л ялгаагүй тэдгээр газрууд хүмүүс дүүрэн. Айл болгон машинтай ирж, чийгний гудас дэвсээд мах шарж, усанд тоглоцгооно.

Улиастайн гүүрнээс зүүн эргээд шороон замаар орж, голын эрэг тийш явлаа. Сууж буй машинаас урагшаа хойшоо нийлээд арав гаруй машин бидэнтэй цуваа болон нийлжээ. Модон хашаа дундуур шороо манаруулан явсаар гол дээр ирэв. Ашгүй шороо тоос намдлаа даа гэтэл голын эрэгт найр наадам болж буй мэт дүр зураг угтсан юм.

Хажууд нь ч очоод зогсох зайгүй машины цуваа голыг бүхэлд нь халхалжээ. Хэдэн арван машины цаагуур Туул гол чимээ аниргүй урсана. Дотор нь ч мөн хүүхдүүд тоглох бөгөөд голын түвшин нэлээн бага байх аж. Угаасаа ч жил жилийн зуны эхэн саруудад урсац улам багасаар байгаа билээ.

Уг нь голын эрэг дагаад арай дөмөгхөн ногоорч, зүлэг ширэг ургаж байсан нь хэдхэн хоногийн өмнө юм. Гэтэл одоо том, жижиг машины дугуйгаар талхлуулж, сул шороо бургисан улаан халцгай газар болж хоцорч дээ. Дээгүүрээ нүцгэлсэн хэсэг залуус модны сүүдэрт хэвтээд унтаж байх аж. Дэргэд нь түрүүхэн хийж идсэн хоолных нь таг хэлтгий харагдана.

Урсгал нь татарсан голын ховил машины зам шахуу болсон нь нүд халтирам. Гэлээ ч ийм дүр зургийн хажууд махаа шарж, шар айргаа уусаар л байх монголчуудаа хараад хэзээ хойно нь харамсах хүмүүс үү, эсвэл угаасаа харамсахгүйгээр шийдсэн хүмүүс үү гэж бодогдох.

Энэ талаарх хуулийн зохицуулалт, хамгаалалтын журмын талаар Туул голын сав газрын захиргааны газрын албаны дарга П.Энхбаяраас дараах тодруулгыг мөн авлаа. 

-Голын эрэг орчим Онцгой хамгаалалтын 50метр, энгийн хамгаалалтын 200 метр гэж заасан . Энэ бүсэд үйл ажиллагаа явуулах нь хуулиараа хориотой байдаг. Харин голын эрэг дагуу амарч буй иргэдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экологийн цагдаа, ОБЕГ хамтран сануулгыг өгч, хянаж, хамгаалж ажиллаж байгаа. Голын усанд машин тэрэг угаах, хог хаягдал санаатайгаар хаях зэрэгт л торгох арга хэмжээ авахаас бусдаар бургас модруу орох, машинтай явлаа гээд торгох заалт бол байхгүй. Голын эрэгт олноороо цуглаж агаарлаж байгаа иргэдэд тодорхой сануулга зөвлөмжийг өгдөг ч “бид амрах эрхтэй” л гэдэг хариу хэлдэг. Иргэд маань бас эрх ээ мэддэг ч үүрэг ээ ухамсарлахгүй байх нь их байна. Болзошгүй усны осол аюулаас үр хүүхэд, эд хөрөнгөө хамгаалж сонор сэрэмжтэй аялахыг л анхааруулж хянаж ажиллаж байна” гэлээ.

Иргэд өөрсдийн амрах зугаацах тав тухаа бодож голын эрэгт ирэх нь нэг хэрэг ч эргээд явсан мөрөөр нь улаан шороо татуулсан зам үлдэж байгаа нь байгалиа сүйтгэж, доройтоход хүргэж байгаа хэрэг шүү дээ. Голын эрэгээс хэдхэн алхамын газар машин аа үлдээгээд алхаад очиход болохгүй зүйл уг нь байхгүй юм шиг. 

Мөн иргэдээс сэтгэгдэл сонсохоор арай цөөхүүлээ сууж буй хэсэгт очлоо. Цөм 40 эргэм насныхан бөгөөд гурван хүүхдийн хамт зургуулаа яваа аж. Тэдэнтэй хүний хөл арай л их байгаа тухай хэлж яриа өдөхөд, 

“Арга байж үү дээ. Өөр ойрхон газар юу байхав. Байлаа ч мөнгө төгрөг нэхээд, хоол унд нь ч үнэтэй хэцүү шүү дээ” гэх. Гэтэл хажуунаас нь “Хэрэндээ л амьтан хүнээс жаал холдож сүүдэрлэх гэж хичээсэн ч үнэхээр холдох газар алга даа. Холдоод холдоод нэг уулын аманд очсон ч нэг айл хашаа хатгачхаад байшингаа барьж байгаа биз” гээд өвөр дээрх хүүхдээ буулгалаа. Хөл нүцгэн хүүхэд ахынхаа хойноос инээд алдан гүйх ч хэсэгхэн гүйгээд зогссон нь халцгай газар, хайрган дээр гишгэснийх байжээ.

Иргэд өөрсдийн тав тух амралт чөлөөт цагаа хэдий бодсон ч үр хүүхдэдээ үлдэх эх орныхоо нэгээхэн хэсгийг яагаад хайрладаггүй юм бол доо. Хэсэг яваад л нэг модны доор овоолсон хог. Зарим хэсэг нь ч хогоо авч яваа харагдана.

Өдрийн талд голын эрэг даган алхсан ч тасрахгүй их машины цуваа амралтын өдөр болгон Хатан Туулын эргийг халцалсаар л байна. Хэн үүнийг журамлаж, зохицуулж, хайрлаж хамгаалах вэ? Энгийнээр бодоход хашиж хамгаалаад цэвэрлэлээ гэхэд “хөөж тууж, суух газаргүй болголоо” хэмээн уурлах нь гарцаагүй. Хотын иргэд өөрсдөө бүхнийг засаж залруулах учиртай.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу