Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан зургадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцов.

Хуралдааны үеэр,

  • Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах чиглэлд хэрэгжүүлж буй “КСТ Нэтворк” төслийн үр дүнг үндэслэн БНСУ-ын “Ухаалаг хотын дэд бүтцийн эх үүсвэр сан” болон “Гадаадын дэд бүтэц сан” зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах,
  • БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгааны төсөл”-ийн тайланг үндэслэн шинэ ухаалаг, ногоон хот байгуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцав.

Солонгосын тал энэ оны есдүгээр сард БНСУ-д зохион байгуулагдах “Дэлхийн ухаалаг хот” олон улсын үзэсгэлэнд Монголын төр, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцохыг урилаа.

Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн ажлын удирдамжийг ойрын хугацаанд тохиролцож, хэлэлцээний багийн хоёр талын уулзалтуудыг энэ ондоо багтааж эхлүүлэхээр болов.

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн шинэчилсэн төслийг Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдмагц хуультай уялдуулан байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.

Б.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу