Монголчууд сүүлийн жилүүдэд наадаж чадахаа больж, хэрүүл зарга ч тасрахаа байв. Үүнд наадамчин олны буруу гээд байх зүйл байхгүй. Харин баяр наадмыг зохион байгуулах салбар хорооныхон бөөн бухимдал, чирэгдэл үүсгэсэн шийдвэр гаргах болсон нь нууц биш.

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг өчигдөр мэдэгдэл хийхдээ “Түрүү жил үндсэн барилдаанд 30 минут нэмэх нь 10 минутын барилдааны идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдааныг 40 минут болгож, тэр хугацааны идэвхийг харна. Ийм байдлаар бөхчүүдийн барилдааныг шүүнэ” хэмээн мэдэгдэв.

Үндэсний бөхийн тамирчдын дийлэнх нь идэвхиэр хасдаг байдалд таатай хандахгүй байгаа. “Энэ бол дарга нарын биш Монгол даяарын наадам. Дарга яараад байвал харьж болно. Монголчууд яараагүй байна. Хэдхэн дарга тойрч суугаад, бүтэн үндэстний уламжлал сүйтгээд байж болохгүй. Уламжлалыг уламжлалаар нь үлдээ. Бөх гэдэг дан махан биеийн сөргөлдөөн биш. Бодно. Мэдэрнэ. Оюун ухааны тулаан. Ухрах, азнах бүгд барилдааны нэг хэсэг. Цаг нартай, шууд улаан галзуу үзэлцээд дуусдаг бөхийн спорт үзье гэвэл цолгүй, жин зааж цаг хардаг шинэ төрөл зохио. Наадам зүгээр байлга! Та нартай та наргүй болоод ирсэн, уламжлаад үлдэх дархлаатай өв соёл шүү!”, “Улс төрийнхний шийдвэрээр наадна гэж юу байдаг юм бэ. Балмад байдлаа зогсоо” хэмээн үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн.

Улсын аварга О.Хангай “ХЗДХЯ-нд төвлөрсөн үндэсний бөхийн салбар хорооны гишүүд бөх сайн мэдэхгүй байж, мэргэжлийн байгууллагын саналыг сонсохгүй, бөхийг хурдан дуусгах гэж идэвхиэр хасах нь уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулах, маргаан дагуулах энэ шийдвэрээ эргэж харахыг хүсье.” хэмээн дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.

Үндэсний баяр наадмаар хэдэн цаг ч хамаагүй барилдах бөхчүүдээ удаан барилдлаа гэж уцаарлаж байсан хүн гарч байсангүй. Ямар сайндаа Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нарыг үнээ саалгадаггүй хоёр Мөнх хэмээн ярьж байв шүү. Тэдний араас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ хоёр мөн л улсын наадмынхаа үзүүр түрүүнд 40 минутад хаялцаж байсан удаа үгүй. Тэд хэдэн цаг барилдсан ч ард түмэн чилдэггүй юм. Хурдан давуул гэж яардаггүй юм. Төв цэнгэлдэх нь гэрэлгүй байсан ч автомашины гэрэл тусгаж байгаад хүртэл барилддаг тийм л цаг үеийг туулж ирсэн. Цагт баригдсан дарга нарын ямбанаас болж наадам нь утгаа алдаж, наадаж чадахаа ч болилоо.

П.Сайнзориг “Бөхийн цол дуудах процесст өөрчлөлт орно. Бөхчүүдийг харьяалагдах спортын хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан л ивээн тэтгэгчийг нь дуудуулъя гэж шаардаж байгаа. Зарим бөх 3-4 ивээн тэтгэгчийг дуудуулдаг. Наадмын бөхийн дэвжээ бол зар сурталчилгааны талбар биш. Монгол төрийн наадмыг зөв зохистой явуулах үүднээс эдгээр өөрчлөлтийг оруулна” гэв. Үнэндээ түүний хэлсэн дээрх хоёр агуулга аль аль нь үндэсний бөхийн спортоо улдан чангаах бөх мэдэхгүй хүнээс гарах араншин болж таарч байна.

Бөхийн цол дуудахад хоёр гурван ивээн тэтгэгч компаниудын нэр тэгж их цаг үрдэг юм байхдаа хэмээн халаглах хүмүүс байгаа юм. Тухайн бөхийг цалинжуулж, бэлтгэл хийх орчин нөхцөлөөр хангахаас эхлээд аж ахуйн нэгжээс гарах зардал тийм ч бага биш. Төрийн наадмынхаа цол дуудах даваанд хоёр, гурван компанийн нэр хэллээ гээд суртачилгаа болж тухайн компани овоож оцойтлоо ашиг олохгүй. “Аан, тэр компанийн нэр дээр барилдаж байгаа юм байна” гээд өнгөрөхөөс өөр нөлөөлөл ч бараг үгүй. Дэлхийн аль ч оронд спорт бизнес болсон гэдгийг одоо болтол энэ хүмүүс мэддэггүй бололтой. Төрийн албанд насаараа ажиллаж, хурган дарга хийсэн хийцгүй нөхдүүдээс болж наадмаа хүртэл хурууны үзүүрээр шийдүүлдэг байж болох уу.

3 САНАЛ

  1. Монгол үндэсний бөхийн барилдаан бол заавал нэг нь нөгөөгөө унагаж байж төгсөх ёстой шүү.3 -4 кампаны нэр хэлэхэд 30 секунд ч хүрэхгүй.бөхчүүдийг тэдгээр нь тэжээж тэтгэж байгаа шүү.

  2. 3 ийн юм уу 5 аль нэг даваанд цол дууддаг бол .идэвхээр давааг өгдөг зөв дээрээс нь сэнжигийг хуруу ордог зайтай болго

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу