Койны хохирогч иргэд цагдаагийн байгууллагад ихээр хандаж байгаатай холбогдуулан ЦЕГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай улс 2022 оны хоёрдугаар сараас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсон. Хуулиар энэ салбарын гол зохицуулагч нь Санхүүгийн зохицулах хороо юм. Тэднийг бүртгэх, хянах, шалгах чиг үүрэгтэй.

Цагдаагийн байгууллага хүмүүсийн дотоод мэдээллийг ашиглан ашиг олж байгаа хүмүүс, арилжааг урвуулан ашиглаж ашиг олж байгаа хүмүүсийг мөрдөн шалгадаг. Цагдаагаас гадна тагнуулын байгууллага мөн мөрдөн шалгана. Хууль мөрдөгдөж эхэлснээр өнгөрөгч оны зургаадугаар сараас эхлэн Санхүүгийн зохицуулах хороо виртуал үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж эхэлсэн. Бидэнд өгсөн мэдээллээр 12 крипто бирж байна гэсэн. Бид судалж үзэхэд өнөөдрийн байдлаар 37 койн арилжаалагдаж байна. 2020-2022 оны хооронд крипто биржүүдийн удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн.

Койны үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх ёстой. Үүнтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх ёстой, санхүүгийн чадавхтай байх ёстой юм. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл байвал крипто биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх хуулийн заалттай. Тиймээс эдгээр шаардлагыг хангасан худалдааг эрхлүүлэх ёстой гэдгийг хэлж сануулж ирсэн. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу ханш нь тогтосон үйл ажиллагаа нь явж байгаа байгууллагыг хянаж, шалгах үүрэг байхгүй. Тиймээс бүгдийг нь шалгахгүй ч илт залилангийн шинжтэй, босгосон хөрөнгөө хувьдаа зарцуулж, байр, машин авсан хүмүүсийг шалгана. Мэдээлэд ойр давуу байдлаа ашиглан ашиг олсон виртуал эрхлэгч нарыг шалгана. Виртуал хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн гурван жилд 468 бүртгэгдсэн. Хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болно” гэсэн юм.