Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос ирэх долдугаар сарын 13-наас 16-нд Унгарын нийслэл Будапешт хотод болох чансааны тэмцээнд оролцох бөхчүүдийн нэрсийг зарлажээ.

Энэ жилээс ДБНХ чансааны тэмцээнд оролцогчдыг урамшуулах зорилгоор шагналын сан гаргасан бөгөөд түрүүлсэн бөх 1500 швейцар франк, мөнгөн медаль авбал 750, хүрэл медаль хүртвэл 500 франк авах юм.

Хоёр сар гаруйн дараа чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ. Энэ онд дөрвөн чансааны тэмцээн явагдах хуваарьтайгаас хамгийн сүүлийнх нь Будапештийн тэмцээн. Иймд энэ удаагийн тэмцээнд аль ч улс орон ач холбогдол өгч байгаа нь тодорхой.

Тэмцээний дараа бөхчүүдийн чансааг шинэчилж, дээгүүр байр эзэлсэн тамирчид есдүгээр сарын ДАШТ-д хэсэг толгойлох учиртай.

Зарим орон нэг жинд гурван бөх илгээж, ДАШТ-ий шигшээг Унгарт тодруулахаар зэхэж буйг спортын ертөнц мэдээлж байна.

ДБНХ-ноос зарласан Будапештэд өрсөлдөх чансааны тэмцээнд манай улсаас 11 тамирчин нэрлэгджээ. Тухайлбал,

Эмэгтэйчүүдийн

50 кг-д Д. Отгонжаргал

53 кг-д Б.Болортуяа

57 кг-д С.Цэрэнчимэд

59 кг-д Х.Болортуяа

68 кг-д Э.Дэлгэрмаа

Эрэгтэйчүүдийн

57 кг-д З.Занабазар

61 кг-д Т.Түвшинтулга, Н.Наранхүү

65 кг-д Т.Тулга  

74 кг-д О.Сүлдхүү

92 кг-д Г.Ганхуяг нар өрсөлдөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу