АНУ “Вагнер”-ын бослогын төлөвлөгөөний талаар мэдэж байсан ч холбоотнуудаасаа нуусан талаар эх сурвалж мэдээлснийг CNN өнгөрсөн Даваа гарагт уламжлав.

Түүний хэлснээр, Вашингтон “Вагнер”-ын хөдөлгөөний чиг хандлага, ерөнхий төлөвлөгөөний талаар урьдчилан мэдэж чадсан ч мэдээлэл алдагдахаас болгоомжилж, зөвхөн Их Британийн засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалтантай хуваалцжээ.

“Вагнер” цэргийн хувийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бослогод бэлтгэж байгааг АНУ-ын тагнуулын алба хоёр долоо хоногийн өмнө олж мэдээд, Цагаан ордонд анхааруулсан талаар хэвлэлүүд мэдээлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ өнгөрсөн Даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ болон барууны бусад орон ОХУ-д зэвсэгт бослого гаргахыг завдсан хэрэгт оролцоогүй” гэж мэдэгджээ.

“New York Times” сонинд бичсэнээр, АНУ-ын эрх баригчид төрийн эргэлт зохион байгуулсан гэж буруутгагдахгүйн тулд энэ мэдээллийг ил болгохгүй байхаар шийджээ. Тэд мөн Оросын эрх баригчдад туслахыг хүсээгүй аж.

Пригожины мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орост үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж “CNN” сувгийн хөтлөгч Эрин Бернетт мэдээлж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу