Монгол Улсад хөрөнгө оруулагчид нэн элэгтэй, өгөөжөө өгч байсан үе бий. Төрийн бодлого шийдвэрийн алдаа завхрал, хууль хэрэгждэггүй, хууль эрх зүйн орчин тогтворгүй, бизнес эрхлэгчдийг хясан боогдуулдаг ужгирсан муу арга барилаас болж гадаадын хөрөнгө оруулагчид бараг тэр чигээрээ Монголоос дайжсан гашуун түүх өнгөрсөн хугацаанд бидэнд том сургамж болон үлдсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнгөрсөн арван жилд хөрөнгө оруулагчдын итгэлийг маш их алдсан. Хууль эрх зүйн алдаа, хүнд суртлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болсон. Өнөөдөр хэдхэн том төслийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтаас өөр хөрөнгө оруулалт алга. Иймд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Мэргэжилтнүүд Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд багадаа 10-15 жил зарцуулах бөгөөд энэ нь монголчуудын хувьд маш хохиролтой гэж дүгнэжээ.

Хэдийгээр хууль эрх зүйн орчныг тодорхой болгосон ч гадаадын банкууд орж ирэхгүй байгааг ч хэлж буй юм. Өмнө нь 2011-2012 онд Монголын эдийн засаг рекорд өсөлт үзүүлж байхад гадаадын олон банк Монголд салбараа нээх зөвшөөрөл хүсч байсан байдаг.

Засгийн газраас санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоног (2023.06.23)-т өргөн мэдүүлсэн.

Түүнд Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Энэхүү төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байна.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ “Хөрөнгө оруулагч орж ирэх сонирхлыг хууль эрх зүйн орчноороо нэмэгдүүлж, өөрсдөө ч заримыг урьж, гуйна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдуулан бусад салбаруудын бизнесийн орчныг боомилж байгаа хуулиудыг засахыг оролдож байна. Гэхдээ нэн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлуулна. Дараа нь 5-6 хуульд өөрчлөлт оруулна” гэсэн юм.

Гаднын хөрөнгө оруулагч Монголд бүртгүүлж, компани нээхээс эхлээд хаашаа, хэнд, яаж хандахаа мэддэггүй, хөрөнгө оруулагчдад зориулсан нэгдсэн мэдээллийн сан, цэг байдаггүй. Монголын хууль эрх зүйн байдалтай танилцъя гэхээр гол хуулиуд англи хэл дээр байдаггүй зэрэг наад захын хүндрэлтэй асуудал олон бий.

Монгол Улс хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд маш олон шаардлага тавьдаг. Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлээд маш өндөр босго тавьдаг. Шинэ хуулийн төсөлд энэ босгыг тэглэхээр тусгажээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулий дауу тухайн компанийн 25 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үзэж буй. Дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар авдаг. Энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэсээр ирсэн.

Дэд сайд Г.Түвдэндорж “Хөрөнгө оруулагчдад тавих босгыг аль болох байхгүй болгож, шууд урьдаг, бүртгэлээ цахимаар хийчихдэг зүйл рүү явах ёстой. Энэ чиглэлд явахын тулд Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж байна. Хөрөнгө оруулагчдад ил тод нээлттэй мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчийг урих, бүртгэх, Монголын талаар бүх талын мэдээллийг нэг дороос авах боломж бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж агентлагийн үйл ажиллагаа цар хүрээ зохицуулагдана.

Хэтэрхий өндөр босго тавьчихаад эргээд хяналт дээрээ алддаг. Одоогийн бодлого бол ямар ч босго тавихгүй, шууд урьж, нээлттэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлнэ. Харин үйл ажиллагаагаа явуулсны дараа хуулийг хэрэгжүүлж байна уу, хэлсэн хөрөнгө оруулалтаа хийсэн үү, төслийн хүрээнд төсөвт ямар орлого оруулав, хэдэн хүн ажлын байраар хангав гэдэгт тавих хяналтаа сайжруулах зохицуулалтууд орж байна. Эхлээд хөрөнгө оруулагч орж ирэхийн эцэсгүй өндөр шалгуур тавьж, хаалт үүсгэчихээд, дараа нь олон гомдол маргаан үүсдэг ойлгомжгүй байдлыг уг шинэчлэлээр засна” гэж тайлбарласан юм.

Мөн шинэчилсэн найруулгын төсөл Хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх байдлыг маш тодорхой болгож өгч байгаа аж. Ямар ч хөрөнгө оруулалтын маргааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээж өгч буй талаар хууль санаачлагч нар хэлж байна. Одоогийн хуульд хөрөнгө оруулагч нарын олон улсын арбитрт хандах эрхийг нь хаасан учраас дотоодын шүүхээр шийдвэрлэх шаардлагатай байдаг. Шинэ хуулийн төсөлд дотоод, гадаадын аль алинаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээхээр тусгажээ.

Монгол Улсын шүүхийн хувьд гаднын хөрөнгө оруулагчийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн дундаж хугацаа 6.2 жил гэсэн судалгаа гарсан байна. Хамгийн дээд тал нь 16 жил үргэлжилсэн тохиолдол Монголд бий.

Энэ нь дотоодын шүүх засаглалд хөрөнгө оруулагчид итгэхгүй, Монголд нэг ч төгрөг оруулахгүй байх бас нэг шалтгаан болжээ. Энэ нь хэрэг маргааныг удааж, шийдвэрлэхгүй, гаднын хөрөнгө оруулагчийг хамгаалахгүй байгааг харуулж буй юм.

Өргөн бариад буй хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ААН, хуулийн этгээд олон улсын арбитрт хандах эрхтэй гэж тусгажээ. Мөн 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж тусгасан байна. Хөрөнгө орууулагч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа маш олон даваа, шалгуур давдаг. Засгийн газартай хэлэлцээр хийнэ, УИХ-д танилцуулж гэрээ байгуулах эрхээ авдаг.

Монголд өнөөдрийн байдлаар гаднын хөрөнгө оруулагчдаас “Оюу толгой” төсөл дээр л Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч л арбитрт хандах эрхтэй, бусад нь эрхгүй. Иймд Хөрөнгө оруулалтын гэрээтэй гэдэг заалтыг авч, аль ч олон улсын арбитрт хандах нь нээлттэй байхаар зохицуулж буй юм байна. Хүсвэл манай дотоодын шүүхэд ч хандаж болох аж. Төрийн шийдвэр, төрийн байгууллага, албан хаагчийн буруутай ямарваа нэгэн үйлдлээс болж хөрөнгө оруулагч хохирсон бол дотоодын Захиргааны хэргийн шүүх хянаж шийдвэрлэхээр тусгажээ.

Мөн төрөөс жилдээ хоёроос дээшгүй хяналт шалгалт оруулах нь. Ижил төрлийн хяналт шалгалтыг багцлаад, аудит, төсөв, татвар, санхүүгийн шалгалтыг нэгтгэж жилдээ нэг л авдаг байхаар хуулийн төсөлд оруулсан байна. Эдгээрийн үр дүнд хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Монгол Улсын гадаад орчинд өгөх сайн сигнал болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

ЭЗХЯ-наас өнгөрсөн сарын эхээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг хуулийн төсөл бизнесийнхэнд таалагдаж байгааг хэлээд, гол нь хэрэгжилт дээр анхаарахыг онцолсон. Тэрбээр,

“Хуулийн зохицуулалт татварын байцаагчийн гарт л очдог. Хөрөнгө оруулагч бүртгэлээ яаж ч хийсэн, татварынхан ямар нэг заалт дээр зөрчил тооцож, хэдэн тэрбум төгрөгийн торгууль тавьдаг. Үүнээс болж гадаадын олон хөрөнгө оруулагч Монголоос явсныг та бүхэн мэднэ. Тиймээс хуулийн хэрэгжилт дээр анхаарч ажиллахыг хүсье” гэж хэлж байв.

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хуулийн төсөлд тусгаад буй, хөрөнгө оруулагчийн Хүн амын орлогын албан татвар төлөхийг 3 жилийн хугацаанд хойшлуулна гэсэн нь 4 дэх жилээсээ татварын дарамтад орох байдал бий болгох вий, үүнийг хойшлуулах бус чөлөөлөх байдлаар явж болохгүй юу гэсэн санаа хэлсэн. Тэрбээр,

“Чех болон нэг бүсэд орших Камбож, Вьетнам зэрэг улсад энэ талын чөлөөлөлт олгодог. Энэ утгаар бусад оронтой харьцуулахад манайд хөрөнгө оруулалтын урамшуулал хангалтгүй байгаа тул энэ асуудлыг бодитой шийдэн, хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэж байв.

Ямартаа ч хөрөнгө оруулагчдыг гуйж, татах хуулийн төслөө Засгийн газар болосруулаад өргөн барьсан, хууль тогтоогчид 100 мянган ам.долларын босгыг халж, ноён ногооны орох урсгалыг нэмэгдүүлэх боломж олгох эсэхийг харах л үлдлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу