Амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн өнөөдөр (2023.06.28) мэдээлэл хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандан цагдаа, прокурор, Шүүх шинжилгээний алба хаагчид тангарагтаа үнэнч байж, хуулийн хүрээнд шударга ажиллаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоож өгөхийг шаардлаа.

Талийгаачийн ах: –Анхнаасаа энэ хэргийг өндрөөс унасан байна шүү гээд цацчихсан. Одоо хүртэл яг юу болсон талаар тодорхой хариу байхгүй байна. Хэргийн газрын шалгалтыг маш дутуу хийсэн, өрөөн дэх хурууны хээний бэхжүүлэлтийг маш муу хийсэн. Мөрдөгч Гунгаа гэгч өөрийн амаар хэлсэн. “Талийгаач ахын чинь хурууны хээг авсан юм байна. Хэрэгт хавсаргаж амжаагүй юм билээ” гэсэн. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж болдог юм уу?

Хүчилтөрөгч дутагдахаар ямар шинж тэмдэг үзүүлдэг вэ гэх зэргээр шинжилгээг маш дутуу хийсэн. Хувцсанд нь ч мөн шинжилгээ хийх ёстой. Гэтэл өмсөж байсан хувцсыг уутанд хийгээд л бидэнд өгчихсөн. Уг нь мөрдөгчтэй кинон дээр их л сүртэй юм болдог доо. Нэг тагт хараад л, өндрөөс унасан гээд шалгаад явчихсан. Хамт явсан хүмүүст нь ч үзлэг хийгээгүй. Мэргэжлийн ажиллагаа маш дутуу хийсэн” гэсэн юм.

Талийгаачийн эхнэр: -Хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Анхны болон хоёр дахь шинжилгээний хариу хоорондоо зөрсөн. Одоо гурав дахь удаагийн шинжилгээнд Гэмтлийн чиглэл бүрийн эмч нарыг оролцуулж өгөөч гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Бид хардах эрхтэй.

Дөрвөн давхраас унасан газар нь зөөлөн хөрстэй байсан атал тархи, гавлын яс нь цөмөрсөн, язарсан байдалтай байсан. Дотор эрхтэн огт өөрчлөлтгүй байсан. Хүзүүнд нь том ором гарчихсан. Боолт үүссэн юм биш үү гэхэд “Хоолойгоо нидрээд уначихсан байна лээ” л гэсэн. Талийгаачийн хувцас урагдал, тархины цоорол гэмтлийг харахад тэмцэлдэж, ноцолдсон шинж байсан юм. Нэг сард хэргийг хаах гээд прокурорт шилжүүлсэн байсан. Тэмдэглэлд “нөхөн үзлэгт гэр бүлийнхнийг оролцуулсан” гээд биччихсэн байсан. Би оролцоогүй шүү. Үүдэнд нь авааччихаад оруулаагүй”.

Хууль зүйн сайд аа, ийм зүйл байж болдог юм уу? Хэвлэлийн бага хурлаа дуусаад, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн ерөнхий прокурор, Хууль зүйн сайд Х.Нямбаатарт хүсэлтээ хүргэж өгнө. Өндрөөс унасан бүхэн золгүй явдал болоод дуусмааргүй байна. Өндрөөс унаснаас тэс өөр шинж тэмдэг байсаар байтал үзлэг шинжилгээг маш дутуу хийж, хэргийг санаатайгаар хаах гэж байна. Наадам боллоо. Мөрдөгчид амралтаа аваад явчихна гэсэн. Энэ хэргийг замхруулмааргүй байна” хэмээн хэлсэн юм.

Талийгаач эмчийн ар гэрийнхэн мөн “Дараагийн задлан шинжилгээнд мэргэжлийн эмч, мөрдөгчдийг оролцуулаад, хэргийг үнэн мөнөөр нь шийдээд, бидний амыг хаагаад өгөөч! гэлээ.

А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу