Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас “Гацуурт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ. Сэлэнгэ аймгийн прокуророос уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. 

Л.Чинбатад холбогдох хэргийг ямар учраас мөрдөн байцаалтад буцаасан талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодруулахад Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзээд, нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг мөрдөгчид буцаасан” гэлээ. 

Сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт морь, мотоциклтой иргэдийг машинаараа хөөж, мөргөсөн бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Түүний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм.

ЭРҮҮГИЙН ХУУЛИАС ХАРВАЛ,

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

  1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

  1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

  1. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу