Хятадын саятан, 56 настай Лян Ши өнгөрсөн Баасан гаригт их сургуульд элсэх 27 дахь удаагийн шалгалтаа өгөөд бүтэлгүйтжээ. Тэрбээр авах ёстой 750 онооноос 424 оноо буюу Хятадын аль ч их сургуульд элсэхэд шаардагддаг суурь үзүүлэлтээс 34 оноо дутуу авчээ. Хятадад энэ жил 13 сая орчим сурагч их сургуульд элсэх шалгалт өгсөн байна.

Сычуань хотод амьдардаг Лян 1983 оноос хойш шалгалт өгчээ. Тэрбээр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ жилийн шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байгаа ч мөрөөдлөө хэзээ нэгэн цагт биелүүлнэ гэж найдаж буй тухайгаа ярьсан байна. Мөн тэрбээр Хятадын “Тианму Ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би өмнө нь бүтэхгүй зүйл байхгүй гэж боддог байсан. Одоо эргэлзэж байна” гэжээ.

Хятадад ахлах сургуулиа төгсөгчид “Гаокао” хэмээх элсэлтийн хүнд хэцүү шалгалтад хятад хэл, математик, англи хэл болон өөрсдийн сонгосон шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хичээлээр сорил өгдөг ажээ. Гаокао нь Хятадын олон сая хүүхэд залуусын хувьд ирээдүйн амьдрал, хувь заяагаа шийдэх маш том боломж болдог байна.

Ляны хувьд нэр хүндтэй их сургуульд элсэж, “сэхээтэн” болохыг үргэлж мөрөөдсөөр иржээ.

Тэр 1983 онд 16 настайдаа анхны оролдлого нь бүтэлгүйтэж, 1992 он хүртэл жил бүр шалгалт өгөх хүсэлтээ илэрхийлж байсан ч насны хязгаарт хүлэгддэг байсан аж.

Ажиллаж байсан үйлдвэр нь 1990-ээд оны дундуур дампуурч, Лян модны бөөний худалдааны бизнесээ эхлүүлжээ. Бизнес нь амжилттай уагшилж, нэг жилийн дотор нэг сая юанийн орлого олсон байна. Дараа нь тэрбээр барилгын материалын бизнес эрхлэх болжээ.

Хятадын засгийн газар 2001 онд Гаокаогийн насны хязгаарыг цуцалснаар тэрбээр дахин шалгалтад бэлтгэж эхэлсэн бөгөөд архи ууж, махжон тоглохоо больсон байна. 

Лян 2014 онд орон нутгийн “The Papers” хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хэрэв та коллежид сурч, дээд боловсрол эзэмшиж чадахгүй бол сэтгэл дүүрэн амьдрах боломжгүй” гэж хэлжээ.

Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жилийн бүтэлгүйтлийн улмаас түүнд ялагдаж буй мэт мэдрэмж төрөх болсон аж. Энэ талаараа Лян “Tianmu News”-т “Би үргэлжлүүлэх эсэхээ бодсон. “Магадгүй би өөрийнхөө тухай бодох хэрэгтэй байх” гэж ярьжээ.

Сычуаны хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр өөртөө эргэлзэж эхэлсэнээ ярьж, “Дараа жил би бууж өгч магадгүй. Хэрвээ ирэх жил дахин бүтэлгүйтвэл би Лян овгоосоо татгалзана” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу