УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.06.16)-наар 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан цалин, тэтгэврийг хэрхэн нэмэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон холбогдох албаныхан (2023.06.28) мэдээлэл хүргэж байна. 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Энэ удаад хийж буй хоёр их наяд төгрөгийн төсвийн тодотголын 90 орчим хувийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулахаар хуваарилсан. 

Тодотголоор, ижил ажил мэргэжлээр ойролцоо хугацаанд ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамаараад зөрүүтэй тэтгэвэр авч байсан 168 хүний тэтгэврийн зөрүү ойртох юм. 

Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөг болголоо. 

Нийгмийн даатгалын сан (НДС)-гаас тэтгэвэр авдаг 488 мянган ахмад бий. Үүнээс 361 мянга нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Энэ хүмүүс дотор итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий.

Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 496,2 мянган иргэн хамрагдана гэж тооцоолж, 194,4 тэрбум төгрөгийг НДС-аас нэмж, зарцуулахаар болсон. 

Мөн халамжийн сангаас олгох тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ингэхдээ, 

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр 288 мянга байсныг 325 мянган төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288 мянга байсныг 325 мянган төгрөг
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 84,500  байсныг 275 мянган төгрөг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэний тэтгэмж 123,100 төгрөг байсныг 275 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. 

Энэхүү нэмэгдлийн хэмжээг долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө. 

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг Үндэсний их баяр наадмын өмнө хийхээр Сангийн яамтай тохирлоо. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд олгохоор Засгийн газраас тогтоол гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгөнд хамрагдаж байсан хүүхэд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Мөн энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд аваагүй байсан хүүхэд бүрд олгоно. Ингэхдээ хүсэлт гаргах шаардлагагүй. Бүртгэлтэй байгаа данс руу нь шууд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг долдугаар сарын 1-нээс эхлэн 26-50 хувиар нэмэгдүүлж байна. Уг арга хэмжээний дүнд төрийн захиргааны албан хаагчдын болон шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарын төрийн албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1 сая төгрөг болж байна.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн хэмжээ ялгаатай байсныг нэгтгэн тогтоосноор адил зэрэглэлд хамаарах албан хаагчдын цалингийн зөрүүтэй байдал арилж, цалингийн хэмжээ дунджаар 242 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. 

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг мөн 30 гаруй хувиар нэмэгдүүлж байна. Эдгээрт нэг их наяд буюу төсвийн тодотголын тал нь зарцуулагдах тооцоо гарсан” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу