УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2023.06.16)-аар 2023 оны төсвийн тодотголыг эцэслэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан цалин, тэтгэврийг хэрхэн нэмэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон холбогдох албаныхан (2023.06.28) мэдээлэл хүргэлээ. 

Тэтгэвэр авагчид тэтгэвэр нь хэрхэн, хэдэн төгрөгөөр нэмэгдэх талаар дараах зааврын дагуу нэвтрэн шалгах боломжтой. 

  1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын NDaatgal.mn сайтын “Даатгуулагчдад зориулсан вэб” хэсэг рүү орж, өөрийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Ингэхдээ ДАН системийг ашиглан E-Mongolia-д бүртгэлтэй хаягаараа орох юм. 
  2. “Тэтгэвэр” гэсэн цонхыг дарна. Ингэснээр тэтгэвэр авагчийн талаар мэдээлэл болон тэтгэвэр тогтоолгосон үеийн цалин, итгэлцүүрээр өсгөсөн цалин, түүнээс нь бодсон тэтгэврийн хэмжээ харагдаж аж. 

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү. 

           

Тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Тэтгэврийг хоёр арга хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эхлээд, тэтгэврийн зөрүүг ойртуулах буюу итгэлцүүрээр нэмнэ. Итгэлцүүрийг жил бүр шинэчлэх ёстой боловч манай улс 1995 оноос хойш зургаан удаа л шинэчилсэн юм билээ. Тиймээс энэ жил шинэчлэн баталж, үүний дагуу тэтгэврийн зөрүүг ойртуулахаар болж байна.

Дараа нь, нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэхдээ,

  • Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг байгааг 550 мянгад хүргэнэ.
  • Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 мянган төгрөг байгаа. Үүнийг 440 мянгад хүргэнэ.
  • Дундаж тэтгэвэр 555 мянган төгрөг байгааг 630 мянган төгрөгт хүргэнэ гэж тооцоолсон. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн албан хаагчийн тэтгэврийн нэмэгдлийг шинэчилсэн аргаар бодоод, долдугаар сарын 1-нд олгохоор ажиллаж байна. 

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Тэтгэврийн доод хэмжээ 288 мянган төгрөг байна. Үүнийг 12,5 хувиар нэмэгдүүлээд, 325 мянгад хүргэж байна” хэмээн хэлсэн юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу