УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.06.28) хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Монгол Улсын урагшлах эсэх нь авлигын асуудлаа цэгцэлж чадах уу, эсэх чадах уу гэдгээс шууд хамаарна. Үүнийг эрх баригчид үргэлж ярьдаг хэрнээ бодитоор урагшлахгүй байна. Манай улсыг авлигын индексээр ухарч байгааг олон улсын байгууллагууд тайлан, дүгнэлтээрээ бидэнд байнга сануулж байна. Гэтэл энэ асуудлыг чуулганы хуралдаанаар орж ирэх үед нь гишүүд ярьчихаад л мартдаг. Асуудал сөхөгдөх бүрд ингэж гал унтраах байдлаар явсаар авлигын намгаас гарч чадахгүй байх вий. 

Судалгаанаас харахад авлигын асуудлаа цэгцлэхийн тулд төрийн байгууллагын чадамж, тэдгээрт ажиллаж байгаа албан хаагчдын эрх, үүргийн чадамжаас эхлэх ёстой юм байна. 

Тухайлбал, 2022 оны тайлангаас харахад хамгийн шударга байх ёстой хууль, хяналтын байгууллагууд нь хамгийн шударга бус гэсэн үнэлгээг удаа дараа авчээ.

2012 оноос хойших төрийн байгууллагуудын найман удаагийн шударга байдлын үнэлгээг харахад,

  • Гааль, мэргэжлийн хяналтын байгууллага таван удаа,
  • АМГТГ болон Биеийн тамир, спортын улсын хороо дөрвөн удаа,
  • Цагдаагийн болон татварын байгууллага гурван удаа хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна.  

Монгол улсын хууль, шүүх, прокурорын байгууллагынхан шударга ажилладаг гэсэн дүгнэлт гарсны дараа л авлигын асуудал нэг мөр шийдэгдэх эхлэл тавигдана гэж олон нийт хэлж байна. 

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан хууль, хяналтын байгууллагуудыг мөрддөг албаа устгаад олон жил болж байна. Энэ албыг сэргээж, хууль хяналтын байгууллагын албан хаагчдаа цэвэршүүлэх бодитой алхмыг хийх хэрэгтэй байна” гэлээ. 

Үүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах хариултыг өглөө. 

Тэрбээр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр бол 2030 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд цогц ажлуудыг хийнэ.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бугшсан асуудлуудыг ил болгож, нээлттэй сонсгол хийж, өмнө нь ажиллаж байгаагүйгээрээ тэмцэж байгаа. Бидний авлигатай тэмцэх ажил илүү сайжирч байна. Эрх зүйн орчны хүрээнд ч гэсэн өнгөрсөн жил хээл хахууль авсан улс төрд нөлөө бүхий этгээдийг бүх насаар нь хорих ял оногдуулна гэдэг заалтыг баталж, авлигын гэмт хэрэгтээ эвлэрэхгүй байх улс төрийн манлайллаа үзүүлж байгаа. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол хийсэн. Намар нүүрсний сонсгол хийнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу