Хуучин “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор өмсөж буй дээл хувцаснаасаа эхлээд ааруул ээзгий, борц, мах, амьд малаас эхлээд бүгдийг хойд хөршийнхөнд илүүчилдэг байлаа л даа. Илүүчилэх ч юу байхав. Тэдэн тооны гэж зааж байгаад хуу хамдаг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтад монголчуудын хувь нэмэр үлэмж байсан биз. Энэ цагт байгаа мань юугаа мэдэж илүү үглэхэв.

Өнөөдөр бол малчдад бүгдийг барьдаг ийм цагт бид амьдарч байна. Одоо бүхнийг малчдад хөдөлгөөн өрнөх л өнөөдөр дутаад байна. Манай төр ч гэж төр. “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гээд Үндсэн хуульдаа гозойтол суулгачихсан. Хүн нь төрийн хамгаалалтад байдаггүй хэрнээ мал нь төрийн хамгаалалтад орчихсон улс хэд байдаг бол. Мал ярьдагсан бол би Үндсэн хуулиар хамгаалагдсан. “Надаар тогоо тослохыг хориглоно” гэж майлж, мөөрөх л дутуу.

Малчид халамж харсаар байгаад сүүлдээ өвөл үхсэн малын сэг зэмээ ч хороо хотноосоо холдуулж чадахаа больж сумынхаа ИТХ-ын үеэр “Малын хашаагаар дүүрэн малын сэг зэм байна. Үүнийг сум орон нутаг цэвэрлэх тал дээр анхаармаар байна” гэж хэлээд хурлын дарга нь “Мал хувийн өмч тул хадлан тэжээл бэлдэх, үхсэн малын сэг зэмээ өөрсдөө хариуцаж хорооноосоо гаргах хэрэгтэй” хэмээн зад загнаж байгаа харагдсан. Өнгөрсөн жилүүдэд бид малчдыг ийм болтол нь “эрхлүүлсэн” байгаа юм. Ноолуурын урамшуулал, сүүний урамшуулал, ингэ, ботгоны урамшууллаас эхлээд малчдад чиглэсэн урамшууллууд олон. Ямартай ч жилдээ Улсын аварга, аймгийн аварга, сумын аварга малчин шалгаруулаад шагначихна. Зуд турхан болохоор хамгийн түрүүнд халамжид хамрагдчихна. Өвс тэжээлийн дэмжлэгээ авчихна. Сургуулийн сурагчаас эхлээд лаа, шүдэнз, нэмнээ, илүү хувцас хунараа бүгдийг нь малчдад л илүүчилж явуулдаг. Яг зорилтот бүлэгтээ очдог эсэх нь тухайн орон нутгийн дарга нарын хуваарилалтаар шийдэгдэж байгаа харагддаг.

УИХ-аар малчдын нийгмийн даатгалын 50 хувийг хөнгөлөх ёстой гээд Их хурлын гишүүд нь микрафоны ард орилж сууна. Энэ ч сонгууль ойртсоны дохио л доо. Гэлээ гээд улсаа хорлоод ингэж сууж баймааргүй байна. Төсвийн дарамт болж л ирнэ. Төсвийг бүрдүүлэгч иргэдийн төлсөн татвараар малчдын нийгмийн даатгалыг төлнө гэсэн үг. Үүнийг өлгөж аваад газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүд нь тариаланчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр хариуцах хэрэгтэй гээд чарлаад эхэллээ. Үнэндээ барьцаж байгаа нь тэр л дээ. Тиймээс малчид нь өөрсдийн нийгмийн даатгалаа ядаж бүрэн төлчихдөг баймаар байна. Хэн нэгэнд хэрэгтэй бус малчинд өөрт нь хэрэгтэй. Төр нь ч гэсэн сонгуулийн чимээнээр солиорч дүйвдэг баймааргүй байх юм. Мал, малчин хоёрт дургүй хүний үг мэт санагдах ч халамжийн сэтгэхүйнээс салахыг хичээж байхад нь ингэж нэрмээс болдог баймааргүй байна шүү, гишүүдээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу