Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос өнөөдөр (2023.06.29) мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ жилийн наадмаар 512 бөх барилдана. Есөн даваатай гэсэн үг. 

Бөхчүүдийн ам авах тухайд, тусгай программ ашиглахаар болсон.

Мөн бөхчүүд эцэг, эхийнхээ аль нэгийнх нь нутаг усыг дуудуулдаг бол сүүлийн үед хоёр аймаг, хоёр сум, 2-3 компанийн нэр дуудуулж байна. Заал, танхимын барилдаанд хэдэн ч компанийн нэр дуудуулж болно. Нэг бөх хэдэн ч дэмжигч байгууллагатай байж болно. Үүнийг бид үгүйсгээгүй. Мөн эфирээр тайлбарлагчид ч тухайн бөхийн ивээн тэтгэгч байгууллагуудыг хэлж болно. 

Харин үндэсний их баяр наадмаар цол дуудахдаа зохистой хэмжээнд нь байлгах ёстой гэж үзэж байгаа. Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, түмэн олны наадам учраас олон нутаг ус, ивээн тэтгэгч компанийн нэр дуудуулахыг хязгаарлана” гэлээ.  

Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Үндэсний бөх хэдийгээр уламжлалт зүйл боловч хуулиар зохицуулагддаг. Бөхийн барилдааныг хилийн чанадад байгаа монголчууд, Өвөрмонгол, Халимаг, Тува гэх мэт улсын иргэд олноор үздэг болсон. Өвөрмонголын  WeChat сүлжээгээр гэхэд манай наадмыг 60-80 мянган хүн үздэг гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид бүх талын эрх ашгийг хангах үүднээс барилдааны хугацааг хязгаартай байх дүрмийг салбар хорооны хурлаараа баталсан. Үүнийгээ Шадар сайдад уламжилсан. Долдугаар сарын 5-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, батална” гэлээ.  

Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг өмнө нь мэдэгдэл хийхдээ “Түрүү жил үндсэн барилдаанд 30 минут нэмэх нь 10 минутын барилдааны идэвхийг харж байсан бол энэ жил үндсэн барилдааныг 40 минут болгож, тэр хугацааны идэвхийг харна. Ийм байдлаар бөхчүүдийн барилдааныг шүүнэ” хэмээн хэлсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу