УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.06.29) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. 

Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа буюу олон намын тогтолцоог бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг боловсронгуй болгохын нэг хэсэг нь Улс төрийн намын тухай хуулиар зохицуулагдана. 

Гэтэл энэ хуулиар зохицуулах ёстой чухал асуудлууд огт орж ирээгүй байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотойгоор зохицуулах нарийвчилсан заалтууд ч орж ирсэнгүй. 

Намууд бодлогоороо өрсөлддөг байх ёстой. Жагсаалтаа худалддаггүй, мөнгөний сонгуулиас татгалздаг, улс орны хөгжлийн төлөөх бодлого дэвшүүлдэг байх зэрэг соёл хандлагыг хуульчлах ёстой. Мөн олонх болон цөөнх болсон намуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан хуульчлах хэрэгтэй. 

Үүнийг сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр хэлж, шаардсан. Тэр үед Улс төрийн намын тухай хуульд тусгана гэж хэлсэн. Гэтэл энэ хуулийн төсөлд ямар ч заалт алга. 

Мөн  намын бодлогыг хэрэгжүүлж чадах ёс зүйтэй, чадвартай хүнийг нэр дэвшүүлэх нөхцөлийг яагаад хуульд тусгахгүй байгаа юм бэ.

Ер нь, энэ хуулиар улс төрийн өндөр соёлтой, улс орноо хөгжүүлэх чадвартай бодлогын нам төлөвших нөхцөл бүрдэхээргүй харагдаж байна. Ийм байдлаар Үндсэн хуулийн үзэл санаа Улс төрийн намын тухай хуульд хэрэгжихгүй.

Энэ хуулиар бүртгэл зохион байгуулалт, хяналтын асуудлуудыг л шийдэхээр байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Таны өмнө нь хэлсэн саналыг авч үзэж, нэр дэвшигчийг ил тод, нээлттэй, хариуцлагатай байлгахын тулд 19 дүгээр зүйлд гурван заалт оруулсан.  Тодруулбал, 19.4-т Сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хороо гэж байгуулахаар тусгасан. Үүнээс өөрөөр зохицуулах арга байхгүй. Таны хэлж байгаа саналуудыг дүрэм, журманд тусгаж болно. Бид Улс төрийн намын тухай хуулиар ерөнхий зохицуулалтыг хийх ёстой. Бусдыг нь нам өөрөө дотоод дүрмээрээ зохицуулна. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор (тодруулж асуув): Нам доторх удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулаад, сонгон шалгаруулалтаа хийж байгаа. Хуульд оруулж ирсэн Сонгон шалгаруулах хороо үүнээс ямар ч ялгаагүй гэж харж байна. 

Өнөөдрийг хүртэл бид намын дүрэмд найдаж ирсэн. Найдаж болохгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бүгд харлаа. 

Намын гишүүнчлэлд тавигдах хэм хэмжээ, шаардлагыг яагаад хуульчилж болохгүй байгаа юм бэ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:  Намд хэн нэгнийг элсүүлж болно, болохгүй гэж хуулиар зохицуулж болохгүй. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд хуулиар ямар нэгэн хязгаарлалт тавьж болохгүй гэдэг байр суурийг дийлэнх гишүүд хэлж байгаа. Тийм учраас намууд хариуцлагатай байх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу