УИХ-ын чуулганы үдээс хойших (2023.06.29) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддорж нь зургадугаар сарын 27-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д ирүүлжээ. Улмаар эл хүсэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүд дэмжсэн байна. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.

Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь хүндэтгэн үзэх бусад шалтгаан болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” хэмээн хэллээ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа “МАН УИХ-д олонх байна. Засгийн эрх барьж байна. Эрх мэдэл нь багаддаг юм шиг байгаа юм. Цэцийн гишүүд нам бус байгаа. Гэхдээ цэц гэдэг байгууллагад олон намын угшил байж шударга ажиллана. Энэ зааланд шударга ёс яриад байдаг хэрнээ шийдвэрүүд нь бүгд шударга бус. Ц.Нанзаддорж өөрөө өргөдлөө өгөхөөс илүү түүнийг өгүүлсэн. Би мэдэж байна. Ардчилсан намын угшилтай гэсэн болгоны өргөдлийг хүчээр өгүүлдэг. МАН-ын угшилтай хүмүүсийн тэтгэврийн нас нь болчихсон байхад чөлөөлдөггүй. Юи хэрэхээрээ болдоггүй юм шүү. Өөрөө өргөдлөө өгсөн мэтээр харуулсан энэ зүйлээ болих хэрэгтэй” гэлээ. 

Ингээд Ц.Нанзаддоржийг цэцийн гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжив.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу