Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд хэрэв малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлбөл таван жилийн хугацаанд төр 50 хувийг нь хариуцах талаар тусгасан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал хэвлэлд дарах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Өнөөдөр малчид нийгмийн даатгалын шимтгэл бараг төлөхгүй байгаа. Тэгсэн хэрнэ нас нь хүрэхээр халамжийн тэтгэвэр авдаг. Гэтэл төлсөн хүмүүс нь тэр хүмүүсээс илүү татвар төлснийхөө үр шимийг хүртэж, илүү тэтгэвэр авч чадахгүй байна. Тэгэхээр малчдыг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгохын тулд хөшүүрэг бий болгох ёстой. Тийм учраас хэрэв төлбөл таван жилийн хугацаанд 50 хувийг нь төр даая гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан байх гэж харж байгаа.

Ер нь бид хуваарилалтын тогтолцоогоо больж, хуримтлалын тогтолцоо руу шилжих ёстой. Ингэж байж хүн хөдөлмөрийнхөө үр шимийг шударга хүртдэг болно.

Одоо бол залуучууд маань нийгмийн даатгалын шимтгэл төлж байхаар гар дээрээ илүү цалин авсан нь дээр гэж ярьж байна. Энэ шимтгэл Солонгосын виз мэдүүлэхэд л хэрэг болж байна.

Хуримтлалын тогтолцоо руу шилжвэл төлсөн шимтгэл төлсөн хэмжээгээрээ тэтгэвэрт гардаг, нийгмийн даатгалын сан нь баялгийн сантайгаа уялдаад орон сууцны зээлд хамрагддаг байх гэх мэт нөхцөлүүд бий болно. Ингэснээр иргэн илүү төлөхийг хүснэ” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу