Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд байрлах 12-р сургуулийн барилгыг 2021 онд дахин төлөвлөлтөөр нураажээ. Сургуулийн шинэ барилга 2023 онд ашиглалтад орно гэсэн ч одоогоор барилгын явц 30 хувьтай байгаа юм. Энэ хугацаанд сурагчид дөрвөн байршилд хуваагдан, түрээсийн байранд хичээллэсээр иржээ.

Тус сургуулийн багш ажилчид болон сурагчдын эцэг, эх эсэргүүцлээ илэрхийлэн (2023.06.28) мэдэгдэл хийв. Шинээр баригдаж буй барилгын гадна талбайд эцэг, эхчүүд цуглаж, өнөөдрийг хүртэл тун бэрх орчинд хичээллэж, эрх нь зөрчигдсөөр ирсэн тухайгаа ярьж, бухимдлаа илэрхийлснийг хүргэж байна.

Барилгын үйл явц төсөв санхүүгийн асуудлаас болж “яст мэлхийн хурд”-аар үргэлжилж байгаа аж. Хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж, олон нийтэд хандахыг мэдсэн өдрийн өглөөнөөс барилгын ажил явагдаж эхэлсэн тухай зарим иргэд хэлж байлаа. Эцэг, эхчүүд шинээр баригдах барилгын хашааны гадна цуглаж, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хандан, ийн ярилаа.

12-р сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга н.Энхжаргал “Миний гурван хүүхэд энэ сургуульд сурдаг. Нөхцөл байдал маш хүнд байна. Өөр өөр газар хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд, 2 жил гаруй боллоо. Сургуулийн багш сурагчид “Мандах” их сургуулийн хуучин байрыг түрээсэлж хичээллэж байсан. Гэвч хувийн хэвшлийн байр учраас энэ жилийн хавар байраа түрээслэхээ зогсоосон. Ирэх намраас хүүхдүүд маань орох байргүй болж байна. Сурагчдынхаа сандал ширээг зөөж хашаа байшин, грашдаа хураачхаад л байж байна. Мөнгө төгрөг нь л болчихвол шийдэгдчих асуудалд яагаад ингэж хойрго хандаад байгааг ойлгохгүй байна” гэлээ. Мөн “Байр түрээслэх мөнгөө яагаад сургуулийн барилгын явцад зарцуулж болохгүй байгааг ойлгохгүй байна” хэмээн хажуугаас нь нэгэн ээж үг нэмэрлэв.

4, 5-р анги болов уу гэмээр сурагчид “Сургуульгүй, заалгүй хоёр жил боллоо. Үеийнхнээсээ биеэр жижиг, уралдаан тэмцээнд ч орж чаддаггүй маань л хэцүү санагддаг. Гэхдээ багш нар маань хамгийн сайнаараа хичээлээ зааж, ээж аавууд маань ч чадлаараа зүтгэж байна. Хурдан л шинэ сургуультай болмоор байна” хэмээн хэрсүүхэн гэгч нь хэлээд авлаа.

Уг сургуулийн барилгад 1 тэрбум 300 сая төгрөг төсөвлөжээ. Барилгын компаниас “Одоогийн 30 хувийн гүйцэтгэлд ч уг төсөвт хөрөнгө хүрээгүй бөгөөд цаашид шийдэгдчихвэл хугацаанд нь дуусгах боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Харин эцэг, эхчүүд “Сургуулийн удирдлага хангалттай хичээж ажиллаж байна. Тэмцээн уралдаан, дугуйлан секц гэхчилэн чадлаараа л сурагчдаа чадваржуулж ажилладаг. Гэвч энэ байдал үргэлжилж, ирэх намартай золговол үнэхээр багш нар маань сөхрөхөд ойрхон байна” хэмээн бухимдан байж тайлбарлалаа.

“Жагсаал цуглаан хийх яриа эхэлснээс хойш барилгын ажил явагдаж байгаа дүр үзүүлээд эхэлсэн” гэж иргэд ярианы хачир болгон ярилцацгаах аж. Хэдий хоёр жил өнгөрсөн ч барилгын ажил өчүүхэн ч урагшлаагүй нь хашааны гаднаас тод харагдаж байлаа.

Сурагчид өөрсдийн бэрхшээл хүндрэлийн тухай ч ярьж байсан юм. Тэд гэрээсээ хоёр, гурав дамжин автобусаар явж, 40, 50-уулаа чихэлдсэн умгар өрөөнд хичээллэдэг аж. Мөн тус сургуулийн 10 гаруй хүүхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд зам тээврийн осолд өртжээ. Түрээсэлж буй байр нь төв замын дагуу, автомашины хөдөлгөөн ихтэй газар байрладаг ба эрүүл ахуйн хувьд ч олон бэрхшээл дагуулсаар иржээ.

Иргэд сургуулийн шинэ барилгын ажлын төсөв хөрөнгийг яаралтай шийдэж өгөх, барилгын ажлыг энэ намарт багтаан дуусгахыг шаардаж байгаа юм. Тус дүүргээс сонгогдсон гишүүд болон дүүргийн удирдлагын зүгээс нэн даруй уг асуудлыг шийдэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлж байлаа.

Цугласан иргэд аль чадахаараа олны чихэнд хүргэж хурдан шийдүүлэхийг хичээж буй нь илт. Өнөөдрийг хүртэл нэг биш удаа бухимдлаа илэрхийлэн, шат шатны удирдлагад хандсан хэдий ч удахгүй төсөв шийдэгдэнэ, удахгүй ажил эхэлнэ гэсээр өнөөдрийг хүрсэн байна.

Засаг захиргаа, гишүүд түшмэдийн сонорт хүрсэн нь ойлгомжтой уг асуудал нааштайгаар шийдэгдэх бүрэн боломжтой. Гэвч одоо Дахин ямар хариу хэлээд алга болохыг нь хэн ч мэдэхгүй юм.

А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу