“Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 6-нд Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Улмаар шүүгч уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн, прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгчийн уг шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцлийн бичиж хүргүүлжээ.

Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группэд байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48 тэрбум (48,484,419,600) төгрөг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс хэргийг 2023 оны зургадугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгуулахаар Хөвсгөл аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу