УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2023.06.30) болно.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд хийсэн билээ.
Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургадугаар сарын 30-нд явуулахаар товлосон.
Сануулахад, Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ илрүүлэн, хурааж авсан билээ.
Улмаар түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн  тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,  18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу