УИХ-ын чуулганы өнөөдөр (2023.06.30)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Өнгөрсөн жил оруулсан өөрчлөлтөөр улсын болон аймаг сумын баяр наадмуудыг нэгэн зэрэг тэмдэглэх хууль батлагдсан. Энэ хуулийн хэрэгжилт хангагдаагүй. 

Онцгой тохиолдлоос бусад үед нэгэн зэрэг тэмдэглэхээр болсон. Гэтэл энэ аймаг, сумдын наадмууд янз бүрийн байдлаар өөр өдрүүдэд болж байна. Өнөөдөр ч гэсэн зарим аймаг, сумын наадам болж байх жишээтэй. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол батлах хэрэг байна уу? Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юм уу?

Жил болгон допингийн асуудал гарч, наадам утгаа алдах юм. Энэ асуудлыг цаашдаа таслан зогсоож чадахгүй юу? Наадмаа ч хийж чадахаа болилоо. Морь нь хүртэл хэрүүл, маргаантай. Сэрвээний өндрийг нь хэмжих үү?

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг: Улс, аймгийн баяр наадам тэмдэглэх хугацааг Засгийн газар, сумын наадмыг аймгийн Засаг дарга тогтоохоор хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 10-ны дотор тэмдэглэж дуусах ёстой гэж зохицуулсан байдаг. Хуулийн хэрэгжилт хангагдахгүй асуудал байна. Тиймээс цаашдаа анхаарч ажиллана.

Бид Допингийн эсрэг олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон. Зөвхөн бөх биш  мэргэжлийн нийт спортод допингтой холбоотой дотоодын журам бий. Хэрэглэсэн тамирчдад дүрэмд заасанчлан хариуцлага тооцно. Цаашдаа таслан зогсоохын тулд тамирчдаа соён гэгээрүүлэх, ойлгуулах арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. 

Сэрвээний өндрийн тухайд наадмын өдрүүдэд ил тод, нээлттэй байдлаар харуулна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу